“Том хүн 500, хүүхэд 200 төгрөг” хэмээн автобус, тролейбусны цонхон дээр биччихсэн байхтай бид хаа сайгүй таардаг. Үүнээс болоод цалинтай оюутнуудыг үнэгүй явуулдаг атлаа сургуулийн жаахан хүүхдүүдээс мөнгө нэхдэг гэдэг шүүмжлэл байнга гарсаар ирсэн. Харин энэ асуудлыг шийдэх тухайд Нийслэлийн иргэдийн хурал хэлэлцсэн тухай таатай мэдээлэл дуулдав. Манайхаас бусдад бол сурагчид нийтийн тээврээр зорчино гэдэг зүйл бараг л байдаггүй гэдэг. Учир нь тэдэнд сургуулийн тусгай автобус үйлчилдэг, бас эцэг эх нь өөрсдөө хүргэж өгөх үүрэг хүлээдэг, түүнийгээ яг биелүүлэх нөхцөл бололцоо бүрдсэн байдаг аж. Харин манайд бол эсрэгээрээ. Нийслэлийн сургуулиудад хамран сургах хүрээ гэж тогтоосон байдаг хэдий ч, заавал нийтийн тээвэр ашиглахгүйгээр очих боломжгүй нөхцөлд сурч байгаа хүүхдүүд олон. Нөгөө талаараа Кембрижийн ч гэх юм уу тодотголтой сонгон шалгаруулалтаар сурагчдаа авдаг сургуулиуд бий болсон. Энэ бүхнээс болоод сурагчийн цүнх үүрсэн хүүхдүүд автобус, троллейбусаар зорчихоос өөр аргагүйд хүрдэг.
Нийтийн тээвэр ухаалаг системд шилжихээс өмнө кондукторууд гэж хүүхдүүдэд харшилтай хүмүүс байв. Харин одоо бол жолооч нар автобусны хаалгаар бултагнах бяцхан жаалуудад тун таагүй хандаж байгаа нь анзаарагдах. Нийтийн тээврийн үйлчилгээний энэ гажгийг засах гэж НИТХ санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай боловч шийдэх эрх мэдэл нь хүрэхгүй гэдгийг албаныхан дуулгаж байна. Учир нь нийтийн тээврийн хөнгөлөлттэй холбоотой асуудал нь хуулиар зохицуулагдах ёстой аж. Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах хуулийн төсөл хэрэгтэй байгааг Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонорт хүрсэн гэж найдъя. Хоёр зуун төгрөг нэхүүлэн автобусны хаалганы гадна булталзан үлдэх сурагчдыг үнэгүй зорчуулах хуулийг хурдан гаргая.