Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын мартериалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид хийсэн шалгалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Шалгалтыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” захирамжийн дагуу энэ сарын 26-28-ны өдрүүдэд хийсэн байна.
Шалгалтад Баянгол дүүргийн IV хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн XI, XII хорооны барилгын материалын худалдаа эрхэлж буй таван аж ахуй нэгж, 10 иргэн хамрагдсан аж. Манай улсын хувьд 2011 онд ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад асбестыг оруулсан байдаг бөгөөд энэ дагуу шалгалтыг барилгын материал зардаг гол цэгүүдэд хийжээ.
Улмаар шалгалтын явцад нийт 28 зөрчил илэрсэнээс гурван аж ахуй нэгж, хоёр иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг худалдаж байсан нь тогтоогджээ. Шалгалтын комиссын мэдээлж буйгаар зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнээс нийт 58 шуудай буюу 2900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, болон хоёр боодол олсон асбест илрүүлэн, ажлын байранд нь лацдаж битүүмжлэх арга хэмжээг авч, зөрчилтэй байсан гурван аж ахуй нэгжид 5880000 төгрөгийн торгууль, нэг иргэнд 250000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан байна.
Асбест нь хүний биед хортой, маш нарийхан утсархаг бүтэцтэй байдаг байна. Энэхүү нарийн тоосонцор нь амьсгалын замаар хүний биед орж, улмаар уушигны хорт хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хорт хавдар үүсгэдэг ажээ. Манай улсад зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг ашиглах тусгай зөвшөөрөлтэй байдаг юм байна.
Н.Батзаяа