Данийн парламент буюу Фолькетингийн гишүүд дүрвэгсдэд зориулж бэлгийн хүмүүжлийн сургалт явуулах шаардлагатай хэмээн шийджээ. Эдгээр сургалт хичээлүүд хэн нэгний эрхэнд халдах үйлдлээс сэргийлэх зорилготой юм. 2013-2014 онуудад тус улсад хүчингийн хэрэг үйлдэж, ял сонссон нийт хүмүүсийн 35 хувь нь цагаачид юм уу тэдний үр сад байсан гэнэ. Цагаач нар Данийн нийт хүн амын 12 хувийг эзлэх болжээ. Бэлгийн хүмүүжлийн хичээлийг дани хэлний хичээлтэй хамт заах болно.
Парламентын гишүүд Норвегийн тэргүүн туршлагыг эш болгосон аж. Тэнд хүмүүс сайн дураараа таван цагийн сургалтад хамрагдах боломжтой билээ. Ингэснээр хүчингийн хэргийн тоо мэдэгдэхүйц буурчээ. Эмэгтэй хүний хэт ил задгай хувцас юм уу халамцуу байдал нь тэрбээр бэлгийн харилцаанд оролцохыг хүсэмжилж байгаа хэрэг биш гэдгийг сонсогчдод тайлбарладаг байна. Хүн амын тоо нь 5.6 саяд хүрсэн Дани Улс энэ ондоо багтаан гаднаас 20 мянга гаруй дүрвэгсдийг хүлээж авахаар төлөвлөжээ. Цагаач нар сар бүр 1500 крон буюу 200 еврогийн тэтгэмж авдаг юм.