03.24

Үйлээ үзэж буй төмөр замын төсөл

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоотой хэд, хэдэн чухал шийдвэр гаргалаа гэсэн байна. Үүнд сонирхол татсан нэг л асуудал байна. Энэ нь Богд хаан төмөр зам төсөл. Уг төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд хэрэгжүүлж эхэлнэ гээд залчихжээ.

Төмөр зам хэмээх энэ төсөл олон жил яригдаж, олон Засгийн газрын өмнөө барьж ирсэн зүйл. Үнэн хэрэгтээ өнөөдөр тавигдсан төмөр зам алга байна. Үе үеийн Засгийн газрын пиарын гол жанжин шугам болж явдаг энэ төслөөр олон шийдвэр гарсан ч нэг нь ч хэрэгжээгүй. Засаг солигдоход л төмөр зам хэмээх нэг төсөл нэрээ солиод агуулга нь хэвээрээ орж ирдэг бололтой. Энэ удаад ч Богд хаан хэмээх нэрээр Ч.Сайханбилэгийн төсөл болон орж ирж байна. Ёстой л нэг үйлээ үзсэн төсөл гэвэл энэ байх.  

Яахав, албан мэдээлэл дуулгавал үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Хөшигийн хөндийн нисэх буудлын орчимд холимог логистикийн төв байгуулна хэмээн цаасан дээр буржээ. Түүгээр ч зогсохгүй үүнийг бий болгосноор Улаанбаатар хотын дундуур явах төмөр замын ачаалал багасч,  түүнийг дагаад авто машины түгжрэл буурах боломжтой гэсэн ч байна лээ.

Дашрамд дурдахад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нэг асуудал нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл юм байна. Уг санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжин, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотын  нийтийн тээврийн дэд бүтэц, хөгжлийг сайжруулах төслийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Одоо авах зээлээр автозамын нэг, хоёрдугаар эгнээг нийтийн тээврийн зориулалттайгаар өргөжүүлнэ, цаашид метро барих дэд бүтцийн эхлэлийг тавих аж. Төслийн зээл нь 215 сая ам.доллар аж. Үүн дээр Засгийн газар 75 сая ам.доллар нэмж гаргаснаар дээрх төслийг үндсэнд нь хэрэгжүүлэх юм байна.