11.02

Д.Мөнхжаргал: Хүүг минь хөнөөсөн хүнийг бүх насаар нь хорихыг хүсч байна

Налайх дүүргийн II хороо, “Mustang” баарны гадна 2013 оны аравдугаар сарын 17-аас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн иргэн М.Эрхэмбаяр машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан  онц, ноцтой хэрэг гарч байсан билээ. Хүүгийнх нь үхэлд буруутай этгээдүүдэд зохих арга хэмжээг аваагүй, мөн Цагдаагийн ерөнхий газраас хохирогчийн гэр бүлд заналхийж байгаа талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд талийгаач М.Эрхэмбаярын аав Д.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. 

Тус хэргийн холбогдогч буудуулсан, буудсан хоёр хоёулаа 1986 оны залуучууд. Талийгаач М.Эрхэмбаяр нь цагтаа “Яармагийн гурван бүдүүн” гэдгээрээ алдартай байсан ах дүү гурван “атаман”-ы нэг болох Мөнхжаргалын хүү юм байна. Харин энэ хэргийн сэжигтэн А.Мэндбаяр нь  хороололд үйл ажиллагаа явуулдаг байсан “Sun town” баарны эзний хүү аж. Гурван шатны шүүхээс хэрэгтэн А.Мэндбаярт чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ял оноосон юм. Гэвч талийгаачийн аав Д.Мөнхжаргал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.

Хэргийн газар цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж А.Мэндбаярыг баривчилж байжээ. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн буугаа, маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийснийг нь цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. 

Энэ хэргийн талаар хохирогчийн гэр бүлийнхэн цагдаа, сэргийлэхийн байгууллагад хандан бусад хэрэгтнүүдийг баривчилахыг хэд, хэдэн удаа шаардсан боловч цагдаагийн газраас дорвитой хариу өгөхгүй байгаа аж. Хохирогчийн аав Д.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн байгууллагад ч хандан олон удаа мэдэгдэл хийж байсан гэв. 

Энэ талаар Д.Мөнхжаргал “Хэргийн газраас дөрвөн хүний хурууны хээ олдсон миний хүү болон хэрэгтэн А.Мэндбаяраас гадна хоёр хүн байсныг уг хурууны хээ нотолж байгаа юм. Хэрэгт холбогдсон бусад хамсаатнуудыг нь одоо болтол илрүүлж чадаагүй л байна.  А.Мэндбаяр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөснөөс гадна хар тамхины хэрэгт холбогдсон нь бүх насаараа хорих ял авах, эсвэл онцгой дэглэмтэй хорих ангид ялаа өнгөрүүлэх ёстой. Түүнээс гадна уг хэргийн шийдвэрлэлтэд цагдаагийн байгууллагынхан нөлөөлсөн. Хэрэгтэн хар тамхины хэргээ нуухын тулд хүүг минь хөнөөсөн. Хар тамхины хэрэгт цагдаагийнхан ч оролцож байна. Тэд намайг хүн алсан хүн хүүгээ алдах ёстой гэж басамжилдаг. 1994 онд миний хойд аав сураггүй болсон юм. Уг хэрэгт намайг сэжиглэн шалгаж байсан. Тэр хүнийг алга болох үед би ОХУ-д наймаа хийж явсан. Тиймээс энэ хэрэгт ямар ч холбоогүй” хэмээсэн юм.