11.05

Валютын ченжийг хороосон этгээдийг баривчлав

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг валютын ченж 45 настай Л.Болдбаатарын амьдарч байсан байшин өнгөрсөн даваа гаригийн үүрээр учир битүүлгээр шатжээ. Уг шатсан байшингаас нас барсан хүний цогцос олдсон нь дээрх байшингийн эзэн ченжийнх болох нь тогтоогдсон аж. 

Түүний амиа алдсан шалтгаан, байшин нь шатахад нь гадны ямар нэг нөлөө бий эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарч байсан бол уг хэрэг гадны нөлөөтэй болохыг тогтоож, сэжигтэн этгээдийг Сэлэнгийн цагдаагаас болон Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилсны эцэст өчигдөр орой шуурхай баривчилжээ. Сэжигтэн этгээд 22 настай Б бөгөөд шунахайн сэдэлтээр ченжийн амийг хороож, гэрээс нь их хэмжээний мөнгө хулгайлсан нь тогтоогджээ. 

Одоогоор 48 сая төгрөгийг эд мөрийн баримт болгон хурааж авсан байна. 
Талийгаачийн хувьд гэртээ ганцаараа амьдардаг, Хиагтад буриад бүсгүйтэй гэр бүл болж байгаад цуцлуулсан, нэлээд мөнгө хуримтлуулан Сэлэнгэ, Улаанбаатарт үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан мөнгөтэй нэгэн байсан ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn