03.25

“Ноён доллар” 2000 хүрэхэд ойрхон байна

Америк доллар монголчуудын хувьд аминд орох “үнэт зүйл” болтлоо хүрээгээ тэлж, эрчимтэй өсч байна гэж хэлж болохоор байна. Өчигдрийн /2015 оны гуравдугаар сарын 24/ арилжааны байдлаас харахад долларын ханш үнэхээр “дээд” амжилтаа тогтоожээ. Тодруулбал, оны наймдугаар сард 1905 төгрөгт хүрч байсан доллар өдгөө 1999 төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2015 оны гуравдугаар сарын 24-ний хаалтаар бол долларын ханш 1,992.63 байгаа ч мөн өдрийн арилжааны банкуудын ханш 1999 төгрөгт хүрчээ. Эндээс харахад “ноён доллар” номхрох бүү хэл тун удахгүй 2000 төгрөгт хүрэх нь.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Тэгвэл Монголбанк 2015 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 19.0 сая ам.долларыг 1986.61-1993.32 төгрөгийн ханшаар, 48.0 сая юанийг 319.90-321.06 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1990.55 төгрөгийн хаалтын ханшаар 6.5 сая ам.доллар, 319.90 төгрөгийн ханшаар 48.0 сая юань тус тус нийлүүлсэн байна. Мөн 2015 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 85.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

    Арилжааны банкуудын ханшийг судалж үзэхэд 2015 оны гуравдугаар сарын 24-ний хаалтаар “Голомт” банк, “ХХБанк”, “Капитал” банк, “Капитрон” банкны долларын ханш 1999 хамгийн өндөр байсан бол бусад банкных 1993-1998 төгрөгийн ханштай байна.