11.06

Малын гоц халдварт өвчин 20 удаа гарчээ

Өнгөрсөн сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ. Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч, 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.
 
Тухайлбал, Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян-Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. 

Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын нэгнээс эхэлжээ. Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулсан аж. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байгаа гэнэ.