Хятадад их хэмжээний цас орсноос 200 гаруй монголчууд тус улсад яах учраа олохгүй гацаад байгаа ч манай талаас ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Тодруулбал, БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн орж явсан манай 200 гаруй иргэд цасанд боогджээ.
Тэд Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо 3 хоног цасанд боогдсон байдалтай байгаа бөгөөд Хятадын талаас цас хоёр долоо хоног үргэлжлэн орно гэж мэдээлээд байгаагаас дээрх иргэд хэзээ гэртээ харих, хаашаа хандахаа мэдэхгүй гацаад байгаа аж.
Уг тосгонд нийт 38 хүний багтаамжтай 7 автобус байгаа бөгөөд өчигдрөөс хэсэг хүмүүс нь ачаа бараагаа орхин Хөх хот руу явсан байна. Гэвч Хөх хотоор дамжин Монгол руу буцах нь нэлээд зардал өндөртэй тул хоолны ч мөнгөгүй болсон 180 гаруй иргэд Жин-Тэй тосгонд үлдээд байгаа юм байна.
Бид энэ талаарх мэдээллийн дагуу Гадаад хэргийн яамнаас тодруулахыг хүссэн боловч энэ талаар авсан мэдээлэлгүй байсан бөгөөд 261584 гэсэн дугаар луу холбогдож тодруулахыг зөвлөсөн юм. Гэвч тус дугаар нь холбогдохгүй байсан учраас энэ тал дээр ГХЯ-аас нарийн тодруулаад эргэн мэдээллэх болно.
Х.Маргад
Эх сурвалж: www.TODAY.mn