11.09

Ирэх онд МИАТ-ийг хувьчлана

Энэ долоо хононгт УИХ-ын чуулганы эцэслэн хэлэлжүүлгээр орох 2016 оны төсвийн төсөлд МИАТ-ыг хувьчлах асуудал орж ирэхээр болжээ. Тодруулбал, ирэх оны төсвийн төсөлд өмч хувьчлалаас 180 тэрбумыг төвлөрүүлнэ хэмээн Төрийн банкийг 175 тэрбумаар, Монголын хөрөнгийн биржийг 5 тэрбумаар хувьчлахаар тооцоод буй. Тэгвэл уг жагсаалдтад МИАТ-ыг нэмж оруулж ирэхээр болсон байна. 

Ингэхдээ хаврын чуулганаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд нэмэлт оруулж ирж, дээрх аж ахуй нэгжүүдийн нэрсийг багтаахаар болсон бөгөөд МИАТ компанийн төрийн эзэмшлийн хувийг хувьчлана гэж 2016 оны төсвийн төсөлд дурджээ. 

МИАТ-ийн хувьд энэ жил 50 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд 2013 онд Засгийн газрын баталгаагаар олон улсын зах зээлээс 121.4 сая ам.долларын зээлээр авсан “БОИНГ 767-300 ER” онгоцныхоо хүүнд улирал бүр 4.2 сая ам.долларын хүүг арай ядан төлж байгаа юм. 

Эх сурвалжийн баталснаар МИАТ дотоод болон гадаад нислэгээс нэлээд алдагдал хүлээж байгаа учраас зээлээ дахин зээл авах хэлбэрээр төлж байгаа аж. Иймд МИАТ компанийг менежментийн хувьсгалаар илүү сайн менежментийн баг оруулах гэрээний нөхцөлтэйгөөр судалж байгаа гэнэ. 

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn