Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул иргэд өмч хөрөнгөндөө тавих анхаарлаа сайжруулах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Вагоноор очиж хулгай хийгээд таксигаар буцаж ирдэг бүлэг хулгайчийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн цагдаагийн газарт 50 гаруй гар утас, компьютер хулгайлсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ нь тэдний зөвхөн 10 дугаар сард хийсэн “ажил” гэдгийг сэжигтнүүд хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээгээд байгаа гэнэ.
Гэмт этгээдүүд өглөө вагонд сууж, Дорноговь аймагт очоод орой, шөнийн цагаар “ажлаа амжуулаад”, такси хөлслөн Улаанбаатарт ирдэг гэнэ. Улмаар Tedy төв болон гар утас худалдаалдаг төвүүдэд хулгайлсан эд зүйлсээ борлуулдаг байсан гэдгээ мэдүүлжээ. Удаа дараа ингэж хулгай хийдэг байснаа ч тэд хүлээн зөвшөөрсан байна.