11.11

Ж.Энхбаяр:Номонд парисчуудын сайн болон дутагдалтай зүйлийн талаар өгүүлдэг

“Хаана ч байсан хэрхэн парисчууд шиг байх вэ” номыг орчуулсан хуульч Ж.Энхбаяртай ярилцлаа.

 

-Та энэ номыг хэдийнээс орчуулахаар шийдсэн бэ?

 

-“Хаана ч байсан хэрхэн парисчууд шиг байх вэ” ном анх 2014 оны есдүгээр сард Франц, Английн уншигчдын гарт очсон. Номыг олон орны уншигчдад хүргэхийн тулд францаас бусад хэлээр хэвлүүлсэн гэсэн. Тэр үед уг номыг олж уншихад надад их таалагдсан юм. Бас өөрийгөө шинээр “нээж” чадсан. Өөрөөр хэлбэл, хүн хүссэн зүйлээ зоригтой хийх ёстой юм байна. Ялангуяа эмэгтэйчүүд ийм алхам хийхдээ айх хэрэггүй гэдгийг ойлгосон. Монгол эмэгтэйчүүдэд зөвлөгөөний олон ном байдаг ч “Хаана ч байсан хэрхэн парисчууд шиг байх вэ” шиг ном ховор учраас орчуулахаар шийдсэн. Энэ номыг би богино хугацаанд орчуулсан ч уншигчдад танилцуулах тохироо бүрдэхгүй байсаар саяхан номын нээлтээ хийлээ.

 

-Номыг тань уншигчид хэрхэн хүлээн авч байна вэ?

 

-Уншигчид номыг шүүмжилж хүлээн авч байсан. Тухайлбал, “Монголчууд яагаад парисчууд шиг болох ёстой юм бэ” гэсэн асуултыг хүмүүс олонтаа тавьсан шүү. Би түүний учрыг ойлгосон. Учир нь номын гарчиг хүмүүст хамгийн түрүүнд хүрдэг. Гэхдээ номд парис эмэгтэйчүүдийн хувцасны соёл, хайр дурлал гээд өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлийн талаар өгүүлдэг. Мөн сайн сайхан бүхний сацуу парисчуудын дутагдалтай зүйлийнх нь талаар өгүүлдэг учраас мэдээллийн хувьд тэнцвэртэй гэж бодож байна.

 

-Гадаад хэлнээс ном хөрвүүлэх таны сонирхол уу?

 

-Би хуульч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, хуулийн мэргэжлээрээ Англид мэргэжил дээшлүүлсэн. Одоо мэргэжлээрээ зөвлөх хийж байна. Энэ ажлынхаа хажуугаар ном хөрвүүлж, загварын чиглэлийг сонирхон судалдаг. Загварын сэтгэл татам ертөнц бол миний багын мөрөөдөл байсан. Тиймээс мөрөөдлөө ажил хэрэг болгохоор шийдсэн.

 

-Энэ номын онцлох сэдэв юү вэ?

 

-Урлагийн сэдэв давамгайлсан гэж бодож байна. Мөн уншигчдад зориулсан чимхлүүр зөвлөгөөнүүдтэй. Тийм болохоор энэ номыг уншигчид ширээний ном болгоход тохиромжтой.

 

-Дараагийн орчуулах номоо сонгосон уу?

 

-Энэ ном миний орчуулгын хоёр дахь бүтээл. Анхны орчуулгаа 2008 онд хийсэн. Тэр үед англи-монгол электрон толь бичиг нэг жил хагасын хугацаанд орчуулж гаргасан. Одоо ном орчуулахаас илүү бичих бодолтой байгаа. Би утга зохиолын мэргэжил эзэмшээгүй болохоор хэрвээ ном бичвэл их хугацаа зарцуулах байх. Бас номоо монголоос гадна өөр хэлээр хэвлэхээр эртнээс төлөвлөж байна.

 

-Номд багтсан зөвлөгөөнөөс нэгийг хэлж ярилцлагаа өндөрлүүлэх үү?

 

-Номын зохиолч “Энгийн бай” хэмээн уншигчдад зөвлөсөн байдаг. Хүн өндөр боловсролтой байж болно. Гэхдээ энгийн байх хэрэгтэй. Надад ч гэсэн энэ зөвлөгөө зөв юм шиг санагддаг.