11.13

УИХ-ын дарга дахиад хүч түрэхгүй гэх баталгаагүй

2012 оны УИХ-ын сонгуулиас хойш бүтэн гурван жил өнгөрсөн энэ парламент гурвантаа солигдсон. Анхнаасаа мордохын хазгай гэгчээр хэрүүл маргаантайхан бүрэлдсэн Засгийн газрыг өдгөө хоёр дахь сайд нь толгойлж буй. Эхний Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь огцроод нэг жилийнх нь ой болоход дараагийнх нь Ч.Сайханбилэгийг бас л унагах яриа өрнөчихсөн яваа. Тэр бүү хэл, засагт нь хамтарч байгаа эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ч.Сайханбилэгийг унагах санаачлага гаргаж, тогтоол үйлдчихээд яваа нь тун ч “амжилттай” өрнөж байгаа. Засгийн газрын тэргүүнийг огцруулахад 76-гийн 19 нь гарын үсэг зурсан байхад л УИХ- аар хэлэлцэх дэгтэй. Гэтэл Г.Уянга гишүүний үйлдсэн унагах тогтоолд арваад гишүүн гэрлийн хурдаар үзэглэчихсэн.

 Сүүлийн өдрүүдэд 19- дөө хүрсэн гэх мэдээлэл ч гараад байгаа. Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал ганхсан үед спикерийн байр суурь ч мөн ганхаж мэдэхээр боллоо. Удаа дараа УИХ- ын гишүүдийн нэр төр, бүрэн эрхэд халдлаа гэх мэдээлэл хэдэнтээ гарсан ч гишүүд түүнд гомдоллоод л өнгөрдөг байсан ч энэ удаад УИХ дахь сөрөг хүчний зүгээс “Дахин хүч түрж, гишүүдийн бүрэн эрхэд халдвал огцруулах асуудлыг хөндөнө” гэдгээ албан ёсоор илэрхийллээ. Харин цаашид спикер УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдахгүй гэх баталгаа харагдахгүй байгаа юм. Үнэндээ Зи даргын хувьд энэ нь олон хавар нэгэндээ гэгч болж байна. Учир нь, ноён спикер гишүүдийн микрофоныг хаах, үг хэлэх эрхийг нь эдлүүлэхгүй тохиолдол өнгөрсөн хугацаанд хэдэнтээ гарсан. Харин энэ удаад ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр ийнхүү ширүүн маргаан өрнөсөн нь мөн л спикерийн дээрэнгүй зантай шууд холбоотой. Учир нь, өнгөрсөн лхагва гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх үеэр эрх баригчид шаардлагагүй зардал нэмж оруулах, төсвийг өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэх байдлыг түлхүү гаргасан учраас МАН-ын бүлгийн дарга завсарлага авч буйгаа зарласан. Гэхдээ сөрөг хүчний энэ завсарлага хоёр цаг үргэлжилсэн бөгөөд төрийн ажлыг гацаахгүй байх үүднээс төсвийн хэлэлцүүлэгт үргэлжлүүлэн оролцсон юм. Мөн “Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт сөрөг хүчин үг хэлэх шаардлагагүй” хэмээн Сангийн сайд тайлбарласан зэрэг нь тэдний эгдүүг хүргэсэн бололтой. Харин үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Завсарлага авсан шалтгаан тодорхой. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явах үед гишүүд, нам эвслийн бүлгүүд гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. 

Харамсалтай нь, УИХ-ын дарга гишүүд гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх боломжийг нь бүрдүүлж өгөхгүй байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний гаргасан санал дэмжигдэхгүй тохиолдолд цөөнх болдог. Цөөнх болсон гишүүд болсон шалтгаанаа тайлбарлаж үг хэлэх ёстой байхад эдгээр гишүүнд ийм боломж олгохгүй байна. Ийм байдлаар гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан. Мөн урсгал зардал нэмэгдүүлэхэд МАН байр суурь нийлэхгүй байгаа. Ажлын хэсгээс маш олон зардал нэмэгдүүлэхээр оруулж ирэхэд бид “Яагаад зардлыг нэмсэн бэ” гэдгийг асууж, саналаа тайлбарлах ёстой. Энэ боломжийг хангахгүй байгаа учраас бид завсарлага авсан” хэмээн тайлбарласан. Сөрөг хүчин ийнхүү завсарлага авсантай холбогдуулан бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилийн төсвийг хэлэлцэж байна. Улсын төсөв батална гэдэг нь Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх. 

Монгол Улс ирэх жил хэдий хэр орлого олох, юунд яаж зарцуулахаа нэгбүрчлэн ярьж, шийдэх гэж байна. Айл гэрээр яривал ирэх онд өмсөх хувцас, идэх хоол, унтах орон байртай байх эсэхээ л ярих гэж байгаа. Харамсалтай нь, УИХ өчигдрөөс хоёр дахь хэлэлцүүлэгт маш цөөхөн гишүүнтэй байна. АН-ын бүлгийн гишүүд ирээгүй, нэгнийхээ өмнөөс кноп дарж санал өгч эхэлсэн учраас бид хатуу эсэргүүцсэнээр өчигдөр ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр хуралдахыг болиулсан. Гэтэл чуулган эхлэхэд гишүүдээр санал хэлүүлсэнгүй. Ингэж хүч түрч болохгүй. Улсын ажлыг гацаахгүйн тулд бид чуулганы хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохоор тохирсон.

Зарчмын шаардлага, саналаа тавина. УИХ-ын дарга ийм байдлаар хууль зөрчиж, хүч түрж явах гэж оролдвол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина, шаардана гэдэгт бид санал нэгдсэн” гэлээ. Харин Д.Хаянхярваа гишүүн “АН хүч түрсэн учраас завсарлага авсан” гэсэн бол Ч.Хүрэлбаатар гишүүн танай нам, манай нам гэж улстөржүүлж байгаад харамсч буйгаа илэрхийлсэн юм. 

М.ӨНӨРӨӨ