Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнууд дэлхийн улс орнуудад нүүрсний төслийг санхүүжүүлэх бодлогодоо өөрчлөлт хийхээр хэлэлцэж байна. Нүүрсний цахилгаан станц нь хүлэмжийн хий ихээр ялгаруулж дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөө үзүүлж байна. Хүн төрөлхтөн нүүрсийг эрчим хүчинд ашиглаж, аж үйлдвэрийн хувьсгалыг хийснээс хойш дэлхийн цаг уур 1.02 хэмээр дулаарсан гэсэн судалгаа байна. АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд цаг уурын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж энэ чиглэлээр манлайлах, үлгэрлэх, бусад улсуудыг уриалах боллоо. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама БиБиСи телевизэд өгсөн ярилцлагадаа түүний бүрэн эрхийнхээ хүрээнд дуусгаж чадаагүй байгаа хамгийн чухал асуудал бол цаг уурын өөрчлөлтийн асуудал гэж хэлснээс харахад АНУ-ын засаг захиргаа энэ асуудалд ямар их анхаарал хандуулж буй нь тодорхой. АНУ Цэвэр эрчим хүч хөтөлбөр баталж 2005 оноос 2030 он гэхэд агаар дахь нүүрс хүчлийн хийг дотооддоо 32 хувиар бууруулахаар зорьж байгаа. Америкийн томоохон хөрөнгө оруулагчид ч эхнээсээ нүүрсний төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаж эхэллээ. Энэ бодлогын хүрээнд нүүрсний орд ашиглах, нүүрсний цахилгаан эрчим хүчний төслүүдэд хийх хөрөнгө оруулалтыг багасгахаар төлөвлөж байна. Европын холбоо, түүний дотор Британи улс мөн улсын хөрөнгөөр гадаад улсад нүүрсний төслийг санхүүжүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулж, хязгаарлахаар болсноо саяхан зарласан.
ЭЗХАХБ (OECD)-ын гишүүн орнуудын экспортын зээлийн агентлагууд (Export credit agencies) 2007 оноос 2014 оны хооронд нийт 34 тэрбум ам.долларыг нүүрсний цахилгаан станцын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан тооцоо байгаа бөгөөд тэдэн дундаа Япон улс хилийн чанадад нүүрсний төсөл санхүүжүүлсэн байдлаараа тэргүүлж байна. Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсууд нүүрсний салбараас их хэмжээний ашиг хүртэж, тэр ч утгаараа тэдгээр улсуудын эдийн засгийн гадаад бодлогод нүүрсний салбар чухал байр суурь эзэлдэг. Гэсэн хэдий ч АНУ-ын цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх бодлого, үйл ажиллагаа нь алхам алхмаар амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн сард АНУ Япон улстай тохиролцоонд хүрч Японы экспортын зээлийн агентлагууд (Nippon Export and Investment Insurance, Japan Bank for International Cooperation) гадаадад нүүрсний төсөлд хийх санхүүжилтийнхээ хэмжээг багасгахаар болсон явдал юм. Одоохондоо дэлхийн хэмжээний томоохон нүүрсний компаниудтай Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсууд ЭЗХАХБ-ын хүрээнд энэхүү санхүүжилтыг хумих санаачилгыг эсэргүүцэж байгаа ч яваандаа бусад орнууд, байгаль орчны байгууллагуудын шахалтын улмаас хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд орно гэж ажиглагчид үзэж байна.
Хэрэв энэ санаачилга ирэх долоо хоногт Парист болох ЭЗХАХБ-ын уулзалтын үеэр дэмжлэг авбал манай улсын нүүрсний салбарт ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын зүгээс тэр дундаа манай хамгийн чухал “Гуравдагч” хөршүүд болох АНУ, Британи, Франц, Герман, Япон, Солонгос, Турк зэрэг улсуудаас санхүүжилт хийгдэх боломж улам буурна. Гуравдагч хөршийн бодит ашиг сонирхол (мөнгө)-ыг Монголд бий болгох замаар эдийн засгийн чадавхиа бэхжүүлж, аль нэг улсаас эдийн засгийн хувьд хэт хараат болохоос сэргийлэх манай гадаад бодлогын зорилт нүүрсний салбарт лав амжилттай хэрэгжинэ гэхэд эргэлзээтэй болох нь. Дээр нь сүүлийн 4 жилд нийлүүлэлтийн илүүдлийн улмаас үнэ нь уначихсан байгаа нүүрсний зах зээлийн төлөв байдал, бидний цагийн юмыг цагт нь хийгээгүйн гор хавсраад ирээдүйг гэрэлтүүлэх бус харин улам бүрхэгдүүлж байна.
Бичсэн: Б.Мөнхжин
2015.11.11