11.13

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөллөө

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийв. 
Юуны өмнө энэ асуудалтай холбогдуулан өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл Мэнд, Спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон байна. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгчээ. 
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөв. Улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо.