УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү намынхаа дарга Н.Энхбаярт гадуурхагдаж, ихэд гомдолтой яваа гэнэ. Түүнийг гадуурхаж, намын нөхдүүд нь сүүлийн үед тоохоо больж, хуралд ч суулгахгүй хөөж гаргаад байгаа сурагтай.
Ийнхүү хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг аятай өрөвдөлтэй нэгэн болсон О.Баасанхүү хаана хандахаа мэдэхгүй, мэгдэж яваа аж. Түүний хувьд хуульч, өмгөөлөгч бөгөөд дарга Н.Энхбаярыгаа авлигын хэргээр шалгагдаж, шүүхээс ял зэм хүртэх хүртэл нь өмгөөлж, хамгаалж явсан тэрбээр өнөөдөр ийнхүү даргадаа “жийгдэж” байгаа нь өрөвдөлтэй юм.
Тухайлбал, өнгөрсөн намар З.Баянсэлэнгэд эвслээс сайдын суудлын олбог атгуулсан бол О.Баасанхүүд бүлгийн даргын суудал өгнө гэж ярьж байсан. Гэтэл ганцхан Н.Энхбаярт зориулагдсан мэт хэсэг хугацаанд гацсан Өршөөлийн тухай хууль хүссэнээр нь батлагдаагүйд Н.Энхбаяр дарга ихэд уурлаж, амалсан юмаа өгч чадахгүйд хүрсэн тул О.Баасанхүү гомдож, хөсөр хаягдах дээрээ тулчихаад байгаа юм. Эрүүл мэнд, спортын сайдаар О.Баасанхүүг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарсан нь огтоос худлаа шоу гэнэ. Чухамдаа эвслээс сайд болоогүй ганцхан хүн бий. Тэр нь О.Баасанхүү.
Тэрбээр өдгөө сайдын суудалд тухалж чадаагүйдээ тунирхаад, хүүхэд хуурч байгаа мэт албан тушаалын эрх мэдэл атгуулна гээд баярлуулан гомдоосонд голдоо ортол гомдож, очих газар үгүй, харьяалагдах нам үгүй хоцорч байгаа нь харамсалтай ажээ. Тиймээс О.Баасанхүү намаа сольж, МАН руу орох байх гэсэн шум Төрийн ордонд тархаж эхлэв.