Өршөөлийн тухай хууль хэрэгжээд даруй долоо хоног өнгөрчээ. Уг хуулиар ял эдэлж байсан 6000 гаруй ялтнаас 1700 нь суллагдаж, эрх чөлөөтэй болсон юм. Суллагдсан иргэдийн 70 хувь нь орон байрны хулгай, малын хулгай, танхай, дээрэм, булаалтаар ял эдэлж байсан нөхдүүд гэнэ. Сүүлийн үед хулгай, дээрмийн хэрэг гарах нь ихэсч, хүн бүр гар утсаа, түрүүвчээ алдлаа гэж халаглаж байна. Автобусны буудал дээр, хүн ихтэй автобусанд хулгайчид бүлэглэж байгаад бусдын эд зүйлсийг хулгайлах нь олшров.
Хоёр хоногийн өмнө л гэхэд Зүүнсалаа чиглэлийн автобусанд хүүхэн, залуу хоёр орж ирээд хуйвалдаж байгаад хоёр хүний цүнхнээс хоёр түрүүвч суйлаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр юу ч болоогүй мэт, бас биенээ огт танихгүй дүр эсгээд бууж харагдсан. Түүнчлэн цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага болоод хоногийн мэдээний тоймыг харахад ихэнх нь гэрээсээ хулгайд эд зүйлсээ алдсан, мөн дээрэмдүүлсэн, бусдад гар утсаа булаалгасан дуудлага зонхилж байна. Эл байдлаас харахад наранд гарсан хулгайчид ажлаа хийж яваа юм биш үү гэсэн хардлага төрж эхлэв.
Хулгайчийг өөгшүүлсэн хууль баталжээ гэж халаглах хүмүүс ч цөөнгүй байна. 2006, 2009 оны Өршөөлийн тухай хуулиар мөн л хулгай хийсэн этгээдүүдийг өршөөж байсан. Тэд хашрахгүй, дахин давтан хэрэг үйлдээд шоронд хэдэн жил сууж байгаад дахин наранд гарчихаад сурсан юмыг “сураар боож болохгүй” гэгчээр хулгай зэлгий хийгээд явж байх шиг. Тиймээс хувь хүн та өөрийн эд зүйлсэд сонор сэрэмжтэй байж, олон хөлийн газраар явахдаа эд зүйл, гар утас, түрүүвчээ хянамгай авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.