11.17

Үндсэн хуульд өөрчлөлт орох уу, эс орох уу

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдсаар багагүй хугацаа өнгөрсөн. Түүгээр ч зогсохгүй парламентын гишүүд энэ асуудлыг нэг тийш болгох шийдвэрийг гаргаж, ард түмний дунд санал асуулга явуулах тухай ч яригдаж байгаа билээ. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгад зориулж 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт хийгдэх эсэх нь эргэлзээтэй болоод байна. 

    Учир нь парламентад суудалтай намуудаас сөрөг хүчин болох МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзсэн тухайгаа мэдэгдсэн. Бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр бол Н.Батбаяр нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 50 орчим заалт хөндөгдөх болж байгаа аж. Энэ нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэх асуудал яригдана, мөн Үндсэн хуулийг дагаж асар олон хуулийг шинэчлэх шаардлагатай болно. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй болж байгаа. Тийм учраас УИХ Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шударга сонгууль хийхэд анхаарах ёстой гэх тайлбар хэлээд байгаа билээ. 

    Тэгвэл УИХ дахь бие даагчид ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй гэж бид үзэж байна. Эх орноо худалддаг, авлига авдаг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй” гэсэн юм. Тэгвэл парламентад суудалгүй намууд ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд амжлаа. 

    Тухайлбал, сүүлийн үед сонгуулийн ажилд идэвхийлэх болсон Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, ард нийтийн хурлыг зохион байгуулаад амжсан юм. Тус нам нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, УИХ-д  шаардлага  хүргүүлэхээр болсноо энэ үеэр мэдэгдсэн бөгөөд уг шаардлагад “Нийтээр зөвшилцсөний үр дүнд 1992 онд баталсан Үндсэн хууль бол манай эх орны  тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх, төрт ёсны баталгаа төдийгүй  Монголын ард түмний хамтын оюуны бүтээл юм.  Ард түмэн хийгээд үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, эх орноо мандан бадраах сэтгэл зүрхээ нэгтгэсэн бүлэг иргэдийн төлөөллийн хувьд манай намаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулж, зөвшилцөлд хүрэх замаар олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар шийдвэрлэх асуудлаар хууль тогтоогчдод хандсан шаардлагаа энэ оны зургадугаар сарын 26-нд, долоодугаар сарын 31-нд тус, тус  УИХ-д гардуулсан.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг чанд баримтлах хэрэгтэй. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс  төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах”,  “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох” үүргээ тус, тус хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардсан боловч өнөөдрийг хүртэл бидэнд хариу ирүүлээгүй. Гэтэл УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг нарийвчлан тогтоосон энэхүү хуулийг мөрдөж ажиллахын оронд хууль зөрчсөн эс үйлдэхгүйгээ, хууль зөрчсөн үйлдэл болгон, улам даамжруулж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 76 гишүүнийг 99 болгож, парламентын бүрэн эрхийн 4 жилийг тав гэж, Ерөнхийлөгчийг сонгох эрхийг УИХ авч эрх мэдлээ өргөжүүлж байна. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрийг шууд зөрчиж байгаа юм” гэжээ. 

    Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт намуудаас эерэг хариу авахгүй бололтой. Гэсэн хэдий ч эрх баригчид энэ асуудалд олонхоор түрээ барьж хандахыг үгүйсгэхгүй. Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт орох уу, эс орох уу гэдгийг харах л үлдлээ. 

Г.НАРАН