11.17

Бусдыг амиа хорлоход хүргэсэн этгээдүүдэд хэрэг үүсгэв

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатаахыг завдсан билээ. Түүний энэ үйлдэл нийгмийг цочирдуулж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм.Түүний биеийн 30-40 хувь нь түлэгдсэн бөгөөд одоо ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын Эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин энэ амралтын өдрүүдэд олон нийтийн газар гал тавьсан гэдэг үндэслэлээр С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл энэ талаар өчигдөр ЦЕГ-аас тайлбар хийсэн бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Иргэн С.Эрдэнийн асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэхдээ С.Эрдэнэ гэгчийг хохирогчоор тогтоолгон шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-т зааснаар мөрдөн байцаалт явагдаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Уг зүйл анги нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл анги” гэв. 

Тэгвэл Эрүүгийн хуулийн 95.1-т зааснаар эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэжээ.