11.18

Зээлийн хүүг бууруулах нь захиргаадаад шийдчих ажил биш

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах тухай тусгахаар УИХ-ын зарим гишүүн өнгөрсөн долоо хоногт зүтгэв. Үүний үр дүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь Монголбанкны ерөнхийлөгчид чиглэл өгөх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Хамгийн сайхан нь зээлийн хүү буурвал хэдэн төгрөг эргэлдүүлдэг хүмүүст дэм болно. Бизнес өргөжинө. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Ажилгүйдэл багасна гэдэг агуулгаараа эдийн засагт том дэмжлэг болно. Өдгөө манай улсын биенесмэнүүд жилд дунджаар 21 хувийн зээлийн хүү төлж байгаа. Энэ нь хөгжингүй орнуудтай харьцуулахад хэд дахин өндөр хүү юм. Тодруулбал бусад оронтой жишихийн аргаггүй өндөр шалгуураар манай улс бизнесийн орчноо тэтгэдэг гэсэн үг. Харин зээлийн хүүг бууруулах тухай санал гаргасан гишүүдийн мөрөөдөл биелбэл арилжааны банкуудын дундаж хүү гурван хувиар буурч, 18 хувьд хүрэх юм. Гэвч Монголбанкнаас арилжааны банкуудын дотоод хэрэгт оролцож, арилжааны банкуудын эздэд “Зээлийнхээ хүүг бууруул” гэж хэлэх эрхгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Харин макро эдийн засгийг тогтвортой байлгаж, хүүг бууруулах нөхцөлийг хангах боломж бий. Тиймээс Төвбанкны өнөөгийн удирдлагууд макро эдийн засгийг тогтвортой байлгасан эсэх тухай яриа бол өөр сэдэв...

Харин хүү гэдэг нэг талаараа зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дүнд тогтдог үнэ юм. Тиймээс зээлийн хүү өндөр байна гэдэг нь эрэлт их байна гэсэн үг. Үүнийг зарим эдийн засагч “Банкнаас зээлд гаргаж буй мөнгө нь дутагдалтай учраас зээлийн хүү өндөр байна” хэмээн дүгнэдэг. Ямартай ч Монголбанкны хувьд цаашдаа инфляцийг бууруулах замаар зээлийн хүүг ч бас нэг оронтой тоонд оруулах хуучин цагийн зорилт дэвшүүлсэн. Тэгвэл инфляц одоогийн байдлаар 4.9 хувь байгаа тухай судалгааг Үндэсний статистикийн газар гаргасан. Ийм байтал зээлийн хүү буурсангүй. Уг нь, инфляц 14 хувь байхад зээлийн хүү зах зээлд 18-19 хувьтай байв.

БОДИТ БАЙДАЛ

Эдийн засгийн “биеийн байдал” тийм сайнгүй хэвээр. Тэр хэрээр гадаад валютын нөөц ч хомс болов. Одоогийн байдлаар Монгол Улс нэг тэрбум гаруй ам.долларын нөөцтэй. Цаашлаад уул уурхайн түүхий эдийн ханш өсөх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт хол. Энэ тухай эерэг мэдээлэлтэй судалгаа, тооцоолол ч одоогоор алга. Тэр дундаа банкны системийн эрсдэл өндөр хэвээр байна. Зөвхөн хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл буюу банкны системийн нийт эрсдэл 1.7 их наяд төгрөгт хүрэв. Хадгаламж, зээлийн харьцаа 4.9 их наядаар зөрсөн. Цөөн үгээр хэлбэл дотоодын санхүүгийн нөөц шавхагдаж байна гэсэн үг. Уг нь бол онолоороо хадгаламж, зээлийн харьцаа ойролцоо байх учиртай. Ингэж байж макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах ёстой. Үүний үр дүнд Засгийн газар манай улсын зах зээлийн хамгийн том зээлдэгч болж хувирав. Учир нь эдийн засаг хямралтай байгаа энэ үед чанаргүй зээл нэмэгдсэн. Тиймээс арилжааны банкууд хамгийн оновчтой гарцаа Засгийн газарт мөнгө зээлдүүлэх хэмээн харах болов. Мэдээж төсөв нь тасарсан, орлого нь бүрдэхгүй байгаа Засгийн газарт мөнгө хэрэгтэй. Тийм л учраас Засгийн газраас бонд гаргаж, зах зээл дэх мөнгөний тодорхой хувийг хуримтлуулсаар байгаа юм. Цаашид нь энэ байдал үргэлжлэх нь ойлгомжтой байна. Тухайлбал ирэх оны төсвөө 963 тэрбум ам.долларын алдагдалтай баталсан. Энэ мөнгийг ирэх жил дотоодын зах зээлээс “босгоно” гэсэн үг. Бүр тодруулбал нийт хадгаламжид байгаа 7.2 их наяд төгрөгөөс Засгийн газар зээл авч, төсвийн алдагдлыг нөхнө гэсэн ойлголт... Мэдээж гадаад эх үүсвэрээс татах гарц бий л дээ. Гэвч манай улсад бага хүүтэй урт хугацаатай зээл өгөх нь юу л бол. Тиймээс Засгийн газар дотоодын мөнгөн хуримтлалыг дангаараа татахаар нөхцөл байдал үүсээд байгаа юм.

ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРВАЛ...

Монголбанкны ерөнхийлөгчид Эдийн засгийн байнгын хорооны гишүүд захиргаадалтын шинжтэй үүрэг өгсөн. Н.Золжаргалын багийнхан тушаалыг ёсоор бол говол арилжааны банкны жилийн дундаж хүү 18 хувь болох юм. Зээлийн хүү буурснаар хадгаламжийн хүү буурч таарна. Энэ үед арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд арилжааны зээл олдохгүй байх дүр зураг үүсэв. Мэдээж, хамгийн найдвартай гэдэг утгаар цалингийн гэх мэт хэрэглээний зээл гаргах л байх. Гэхдээ энэ нь төрийн албан хаагчдад голлон нөлөөлөх болов уу. Учир нь хувийн хэвшлүүд цаг, хугацаандаа цалингаа тавьж чадахгүй байгаагаас зарим банк энэ төрлийн зээл гаргахаа зогсоогоод байна. Цаашид ч эдийн засаг төрөлжөөгүй, дотоодын хуримтлал байхгүй, валютын нөөц хомс үед зээл олголт улам бүр хумигдахаар байгаа юм. Ийм байхад зээлийн хүүг бууруулах боломж үнэнийг хэлэхэд байхгүй. Хэрэв Монголбанк зээлийн хүүг бууруулах тухай “гэрийн даалгавар”-аа онц авахын тулд хийвэл бизнесийн орчныг нурааж буйгаас ялгаагүй болох юм. Энгийнээр бодоход арилжааны банкууд зээлээ хумьж эхлэхээр аж ахуй нэгжүүд хүнд байдалд орно. Тэр хэрээр ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэнэ. Ажилгүйчүүдийн тоо өсөх нь эдийн засагт мэдээж саар үзүүлэлт гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин манай улс хангалттай хуримтлалтай байсан бол байдал өөр. Тухайлбал, ОХУ-д зээлийн хүүг ийнхүү бууруулах боломжтой. Яагаад гэхээр валютын их хэмжээний нөөцтэй, иргэд, аж ахуй нэгжүүдийн хуримтлалтай, хадгаламж зээлийн харьцаа тэнцвэртэй. Иймээс тус улсад зээлийн дээд хязгаарыг тогтоож, энэ хэмжээнээс өндөр хүүтэй мөнгө зээлдүүлсэн бол торгууль ногдуулдаг байна. Гэтэл манай улсад байдал яг эсрэгээрээ... Тэгвэл зээлийн хүүг бууруулах талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Хэдэн дарга ордонд суучихаад зээлийн хүүг тэд болго гэж үүрэг өгөх нь утгагүй. Уг нь УИХ татварын системээ ашиглаад зээлийн хүүг бууруулах боломжтой шүү дээ. Тэгээд ч зөвхөн хадгаламжийн хүүгээрээ хангалуун сайхан амьдарч байгаа хүн 76 дунд олон бий. Зээлийн хүүг мөнгөний эрэлт нийлүүлэлтээр л зохицуулна. Мөн банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Тэр цагт зээлийн хүү буурна. Одоо манай улсад тоотой хэдхэн монополь банк байгаа. Тиймээс өрсөлдөөн чухал” гэв. Харин эдийн засагч Б.Хосбаяр “Засгийн газар хамгийн том зээлдэгч болсон, арилжааны банкуудын эрсдэл ихэссэн энэ үед зээлийн хүүг бууруулна гэдэг боломжгүй” хэмээсэн. Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн “Харилцах хад-галамжаар татаж буй мөнгө нь бага тул зээлийн хүү буурах магад¬лал тэр хэмжээгээрээ бага байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэгэхээр зээлийн хүүг буулга гэж үүрэгдэх нь төдий л оновчтой хувилбар биш бололтой.

Д.Ганбаатар