11.19

Тэд анхнаасаа оргон зайлах төлөвлөгөөтэй байсан уу

Яагаад гэвэл, ингэж хардах зарим шалтгаанууд байна.

АТГ-аас шалгаж байгаа тухай ямар ч мэдээлэл өгөхгүйгээр гэнэт баривчилгаа явуулсан байх ямар ч үндэслэлгүй. Хуулиар шалгаж байгаа тухай анхлан мэдээлэл ёстой.

Тэгвэл "Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, "МТЗ”ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарт шалгагдаж буй хэргийн талаар өмнө нь тодорхой мэдээлэл хүргэгдсэн л байж таарах гээд байна.

Тиймээс л яаран сандран гадны улс орны зорьсон уу гэх хардлагыг төрүүллээ. Ч.Ганбатын хувьд Сингапураас БНСУ руу, БНСУ-аас АНУ руу дамжин зорчсон. Ингэж зорчихдоо АНУ-ын иргэний үнэмлэхээр нэвтэрсэн болохыг хуулийнхан тогтоогоод байгаа. Эндээ Ч.Ганбатыг мөрдөн байцаалтаас санаатайгаар оргон зайлжээ гэж үзэх үндэслэл бий болж байна.

Харин Б.Батзаяаг баривчлагдах үед "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австрали улсад сурч байгаа гэх мэдээлэл гарч байв. Гэтэл хуулийнхан түүнийг сурч буй сургууль, амьдарч буй хаягаар нь очоод олсонгүй. Хаана байгааг нь мэдэх боломжгүй алга болжээ. П.Бат-Эрдэнийг үнэхээр Австрали улсад сурч байсан гэх баталгаа алга.

Тиймээс л дээрх хоёр хүнийг Интерполоор эрэн сурвалжлуулж эхлээд байгаа.

Тэгвэл Б.Батзаяа ч бас оргон зайлах гэж байсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж байна. Тодруулбал, Б.Батзаяа 11 дүгээр сарын 2-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас 90 хоногийн хугацаатай визийг хувийн журмаар хүссэн байж. Өөрөөр хэлбэл баривчлагдахаасаа өмнө АНУ-д зорчихоор төлөвлөсөн байжээ гэж эндээс харагдаж байгаа юм.

Хэрвээ хуулийнхан хугацаа алдаж, Б.Батзаяа АНУ-ыг зорьчихсон бол Интерполоор эрэн сурвалжлагдах Монгол хүний тоо нэгээр нэмэгдэх байсан байж ч магадгүй.

Ямартай ч Б.Батзаяа болон БНСУ-ын "Самсунг С энд Т” компанийн холбогдох хүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх гаргалаа. Харин Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна.

Амар