УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж махны экспортыг эрчимжүүлэх талаар ямар арга хэмжээ авч буй талаар гишүүд тодруулсан аж. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хариулахдаа “Жилийн өмнө ОХУ руу хоёр үйлдвэр мах экспортлох эрхтэй байсан бол энэ жил 26 болж нэмэгдсэн. Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох найман үйлдвэр, Хятад руу мах экспортлох 12 үйлдвэртэй болсон. Хятад руу дулааны аргаар боловсруулсан мах экспортод гаргахаар гэрчилгээгээ авсан.
Баруун таван аймгаас мах экспортлохоор ярьсан байсан, урд хөрштэй. Гэвч Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарснаас асуудал үүссэн. Өнгөрсөн аравдугаар сард Өвөрмонголын Хөх хотод Монгол, Хятадын экспо болж, 800-гаад сая ам.долларын мах экспортлох гэрээг “Махны холбоо” байгуулсан. Өвөрмонгол руу экспортлох махны үнэ нэг кг нь 12 мянган төгрөг байна” гэлээ. Мөн мах экспортлох компаниуд “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авч, олон улсын стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой үйлдвэртэй болжээ.