Энэ оны хоёрдугаар сард их хотын баруун хаяа буюу Сонгинохайрхан дүүрэгт нэгэн таксины жолоочийг олон удаа хутгалж, амийг нь хороосон балмад хэрэг үйлдэгдсэн. Цагдаагийн байгууллага маш шуурхай ажилласны үр дүнд энэ онц хэрцгий хэргийг 1990 болон 1991 онд төрсөн Энхболд, Ариунтуяа гэх хос залуус үйлдсэн болохыг тогтоосон билээ. Залуу хос жолоочийн амийг хороогоод машиныг нь Төв аймгийн нутагт аваачиж хаяад тэндээ орогнож байхад нь цагдаагийнхан иргэдийн мэдээллийн дагуу очиж баривчилсан аж.
Өнөөдөр Дүүргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд алуурчин хосыг шүүх хурал болно. Тэд энэ хэрцгий хэргээ Улаанчулуутын хогийн цэгийн орчимд үйлдсэн бөгөөд таксины жолоочтой маргалдсаны эцэст түүний хоолойг боож, чамгүй олон удаа хутгалж хороосон байдаг. Үүгээр зогсохгүй тэд зугтаж явахдаа дээрэм, хулгайн хэрэг үйлдсэн байдаг юм.