Гэртээ агсам тавьсны улмаас эрүүлжүүлэгдэж байсан иргэн Х камерын өрөөнд тамхи татаж, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй асуудал үүсгэжээ. Иймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа түүнд нулимс асгаруулагч хий буюу газ ашигласан байна. Харин долоо хоногийн дараа иргэн Х нэг нүд нь юм харахгүй байна хэмээн гомдол гаргасан аж.
Уг асуудлын дагуу ЦЕГ-ын Тусгай субъектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тухайн алба хаагчийн үйлдлийг шалгаж эхэлжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа тул иргэн Х-гийн нэг талын нүд юм харахаа больсонд цагдаагийн алба хаагч буруутай эсэх нь тодорхойгүй аж.
Харин иргэн Х-гийн гарыг ард нь боож байгаад нулимс асгаруулагч цацсан гэсэн мэдээлэл гадуур гарах болсон байна.
Үүнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн тайлбар өгөхдөө “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа шиг тухайн иргэний гарыг ард нь боож байгаад нүд рүү нь нулимс асгаруулагч цацсан асуудал байхгүй. Иргэн Х нь саатуулагдаж байхдаа тухайн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл хэрэглэх ажиллагааг хийсэн. Харин ажиллагааг зөв хийсэн үү буруу хийсэн үү гэдэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн юм.