Мэргэжлийн сүмо бөхийн Хару башё өндөрлөөд удаагүй байна. Башёгийн дараахан сүмогийн холбооныхон хуралджээ. Энэ үеэр эзэн хааны цомыг 34 дэх удаагаа хүртсэн Хакүхо М.Даваажаргал аваргыг сайшаан магтсан байна. Мөн Хару башёд сайн барилдаж, 13 даваа авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тавдугаар сарын башёд 14 давж чадвал озэки цолыг шууд олгоно гэсэн болзол тавьжээ. Хэдийгээр озэки цолыг сэкиваке цолтой бөх гурван башё дараалан нийт 33 болон түүнээс дээш давсан тохиолдолд олгодог ч Тэрүнофүжид заавал гурван башё гэх болзол тавих хэрэггүй хэмээн үзсэн аж. Учир нь Тэрүнофүжи ирэх башёд 14 давж чадвал түүний хоёр башёгийн даваа 27-д хүрч, улмаар Нагоя башёд зургаа давахад л озэки цол хүртэх болзлоо хангах юм байна.