Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн даваа гарагийн дугаарт "Гал үндэстэн" холбооны тэргүүн Б.Мөнхбаяр оролцсон.
Уг ярилцлагынхаа үеэр Б.Мөнхбаяр "Ерөнхийлөгч намайг гүтргэснээ хүлээн зөвшөөрлөө" хэмээн ярьсан юм.
Тэгвэл үүний хариуд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлээр ярилцлага өгч "Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чиглэсэн гүтгэлэг, дайралт ирэх нь олон байдаг. Энэ бүхнийг манай Үндсэн хууль тогтоогчид холч ухаанаар угтан харж Монгол Улсын Үндсэн хуулийн гучинзургадугаар зүйлийн 2-т Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар заасан нь санамсаргүй хэрэг биш гэж би ойлгодог" хэмээсэн байна.
Тэгвэл үүнээс үүдэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Ерөнхийлөгчөөс айж буйгаа илэрхийлжээ. Тэр энэ тухайгаа "За ёстой жинхэнээсээ айлаа... Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө ... би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох ёстой байснаа эмийн чөлөөтэй гээд ирээгүй. Тэгэхээр нь Мөнхбаярыг оруулчихсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн уурыг хүргэчихнэ чинээ санасангүй. Хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэгт итгээд л ийм юм боллоо. Ноён Ц.Элбэгдорж ТЕГ, АТГ аараа шалгуулна биз дээ....Харин жирийн сэтгүүлч би айж байна. Ц.Элбэгдорж гуайг сэтгүүлчдийнхээ эрхийг ямар ч үед хамгаална гэж бодож явсан эндүүрчээ.... Үнэнээсээ айж байгааг минь хүлээн авна уу. Үзэгнээс өөр зэвсэггүй надад өөр хэлэх юм алга. Миний мэдэлд хэдэн асуулт л байдаг... Харин Ерөнхийлөгчийн мэдэлд ТЕГ нь зэвсэгт хүчинтэйгээ байж байдаг. Тийм болохоор дотор жихүүцэм айдсыг би мэдэрч байна. Харин үнэн юм ярьсан Мөнхбаярыг битгий дахиад шоронд хийчихээрэй л гэж гуйя... " гэжээ.
www.mnews.mn