11.27

А.Мөнгөнзул: Энэ шагнал бидний уйгагүй хөдөлмөрийн “АМТ” юм

Энэтхэг улсын Дели хотноо болсон “Нойда” олон улсын наадмаас “ДОЗ” энтертайнментийн уран бүтээлчид “Элэг нэгтэн” киногоороо шагнал хүртжээ. Энэ талаар тус энтертайнментийн жүжигчин А.Мөнгөнзултай ярилцлаа.

-Дели хотноо олон улсын кино наадамд оролцсон талаараа мэдээлэл өгнө үү? 
-Би Энэтхэг улсын Дели хотод жил бүр зохион байгуулдаг “Нойда” олон улсын кино наадамд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Манай энтертайнментийн уран бүтээлчид “Элэг нэгтэн” киногоо өнгөрсөн сарын сүүлээр олон улсын кино наадмыг зохион байгуулах байгууллага руу илгээсэн юм. Киног энэхүү наадамд өрсөлдүүлэх болсон тухай мэдээг энэ сард хүлээн авсан. Улмаар найруулагч Ш.Доржсүрэн бид хоёрт наадмын урилга ирүүлсэн. Тэр үед Ш.Доржсүрэн ажил ихтэй байсан тул кино наадамд би ганцаараа оролцлоо. Дели хот бараг 20 сая хүн амтай том хот.

Тэр утгаараа энэ хотын кино наадамд бидний бүтээлийг сонгогдсоныг сонсоод маш их баярласан. Гэхдээ кино наадамд оролцохдоо би шагнал авна гэж бодоогүй байснаас тэр үйл явдал миний хувьд гэнэтийн баяр болсон. “Нойда”-гийн үйл ажиллагаа гурав хоног үргэлжилсэн. Ерөнхийдөө би Делид очсон цагаасаа буцах хүртэл сайхан орчинд байж байгаад ирлээ. Уран бүтээл хийх санаа, урмын үг ч олон сонслоо. 

-Олон улсын кино наадмын шалгаруулалтад хэрхэн оролцсон бэ?
-Энэхүү наадамд 20-оод орны уран бүтээлч оролцсоноос гол шагнал болох “Global awards” цом, өргөмжлөлийг Монгол, Энэтхэг, Польшийн кино багийнхан авсан. Улмаар эдгээр улсын бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон юм. Манай “Элэг нэгтэн” киног энэ сарын 18-нд энэтхэгчүүд үзсэн. Кино театр дүүрэн хүнтэй, үзэгчид их сайхан хүлээн авлаа. Тухайн үед киногоо үзэгчдэд таалагдах болов уу гэж санаа зовж байсан ч энэтхэгчүүд сайхан хүлээж авсныг хараад их баярласан. Зарим үзэгчийн сэтгэл хөдлөөд уйлж байхыг харах их сонин санагдсан шүү.
-Энэхүү наадмаас шагнал хүртсэнээрээ “ДОЗ” энтертайнментэд дараа дараагийн ямар боломж нээгдэв?
-“Нойда”-гийн кино наадам бидэнд дахин нэг том “хаалга нээж” өгсөн. Энэ талаар дараа нь дэлгэрэнгүй мэдээлэх болно.
-“Элэг нэгтэн” киноны багийнханд гадаадын уран бүтээлд дахин хүч сорих, туршлага солилцох боломж нээгдсэн үү? 
-Олон улсын наадамд кино маань сонгогдох нэг хэрэг, харин наадамд шалгарч шагнал авах гэдэг бүр өөр хэрэг. Тэр утгаараа дахин өөр томоохон наадамд оролцох урам, боломж аль алийг олж авлаа.
-Та бүхэн “Элэг нэгтэн” киног бүтээхэд олон сар гадаадад ажиллаж, амьдарч хүч хөдөлмөрөө зарцуулсан. Эргээд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх сайхан байгаа болов уу?
-Үнэнийг хэлэхэд “Элэг нэгтэн” киног хийхэд олон бэрхшээлтэй нүүр тулсан. Тэр бэрхшээлүүд нь ердийн нэг жижиг, амархан даваад гарах зүйл байсангүй. Заримдаа уйлах ч багадах тийм хэцүү үе бидэнд тулгарсан. Харин уйгагүй, шантрахгүй, эцсийг нь үзэх гэж өөрсдийгөө зоригжуулснаар өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн болно, бүтнэ гэсэн гэгээлэг итгэлтэйгээр хийж дуусгасан кино маань өнөөдөр үр дүнгээ өгч томоохон шагнал авчирсанд үнэхээр баяртай байна. Бусад орны уран бүтээлчид гадаадаас нэр хүндтэй шагнал авахад нь төр засгаас урамшуулж, мөнгө санхүүгээр дэмждэг. Жишээ нь, Хятад яг ийм хэмжээний амжилт үзүүлсэн бүтээлийг кино театрт ямар ч хүндрэлгүй 14 хоног гаргах боломж өгдөг. Энэ нь киноны уран бүтээлчдийн хувьд маш том дэм болдог. Харин манайд бүх зүйл эсрэгээрээ байдаг. Бид бие биеэ дэмжиж, үнэн сэтгэлээсээ хандаж чаддаггүй болохоор аль ч салбар хөгжихгүй зөвхөн муулсан, атаархсан, амиа бодоод байгаад харамсах сэтгэл заримдаа төрөх юм. Бид бор зүрхээрээ Монголынхоо кино урлагийг бага ч болов сурталчлан таниулах үйлст гар бие оролцож байна. Энэ том шагнал бидний хамтын уйгагүй хөдөлмөрийн “амт” юм.
-“ДОЗ” энтертайнментийн хамт олон дараагийн уран бүтээлдээ хэзээ орох вэ. Ажиглаад байхад та бүхний уран бүтээлүүдийн сэдэв гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай холбоотой байх юм. Магадгүй дараагийн кино ч энэ сэдвийг үргэлжлүүлэх болов уу?
-Дараагийн уран бүтээлдээ аль хэдийнэ орсон. Бидний уран бүтээлд алдаа оноо байгаа хэдий ч үнэн сэтгэлээсээ монгол хүний оюун ухаан, сэтгэл зүрхэнд хүрсэн мэргэжлийн уран бүтээл хийхийг зорьж чадан ядан ажиллаж байна. Бидний киноны өнгө аяс бол дотоод сэтгэлийн эмзэглэлүүд юм. 
-Таныг Энэтхэгт кинонд туслах дүр бүтээх болсон талаарх мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Энэтхэгийн нэрт найруулагч Анил Куммарын томоохон кино төсөлд миний нэр багтсан гэсэн. Мөн бэлтгэл ажилд хоёр, дэлгэцэнд гарахад гурван жил шаардлагатай гэсэн мэдээ надад ирсэн юм. Энэ талаар би Энэтхэгийн томоохон сайт “India news”-д англи хэлээр кино төслийн талаар мэдээлэл гарсан байсныг л олж уншсан. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ