11.27

О.Жавхлан: Хайр нь гялс төрчихөөд гэртээ очно оо гэж хэлсэн, даанч....

Хайртай ханиа, хорвоод мэндэлсэн охин үрээ алдсан гэрийн эзэн, том охиноо, эгчийгээ алдсан аав ээж, дүү, хамаатан садан нь харуусахын дээдээр харуусч, эмч нарт хатуу гомдолтой байгаагаа хоолой зангируулан ярьж сууна. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт эх, үр эндсэн хэрэг гарч, олон нийтийг цочирдуулахаас гадна амаржих гэж байгаа эмэгтэйчүүдийг давхар хямраагаад авлаа. Энгийн иргэд эмч нарыг цагаан халад өмссөн гэмгүй царайлсан, мөнгө харсан араатнууд ч гэж “харааж” байна. Дэндүү харамсалтай, дэндүү эмгэнэлтэй, анхны охин үрээ өлгийдэж авна гэж баярлаж хүлээсэн О.Жавхлан хайртай ханийнхаа халуун биед нь хүрч амжилгүй, эмнэлгийн орон дээр амьсгал хураалгана гэдэг дэндүү харамсалтай юмаа. Талийгаач Л-ийн нөхөр О.Жавхлан болсон явдлын талаар ингэж ярив. “Амиа алдахынх нь өмнө буюу 20-ны орой би эхнэр дээрээ очиж хамт байсан. Тэр өдөр өнөө шөнөдөө төрчих юм шиг байна гэж өвдөөд байгаа хэрнээ л юу ч болоогүй юм шиг инээгээд л надтай ярьж байсан. Хайр нь гялс төрчихөөд гэртээ очно оо гэж хэлсэн. Гэтэл даанч...Үнэндээ эмч нар биднээс авлига авахыг л хүлээж байсан юм байлгүй дээ. Эмч нарт дэндүү гомдолтой” хоолой зангирч, хоёр нүдийг нь нулимс бүрхэв. Талийгаач Л энэ сарын 19-ний өдөр эмнэлэгт хэвтснийхээ дараа “Миний хайр ажил ихтэй байна уу. Ханийгаа санаад л байна” хэмээн нөхөр рүүгээ мессэж илгээжээ. Тэрээр өдөр бүр хэвлий дэх хүүхэд нь хөдөлж, харин өөрөө эмнэлгийн коридорт эмчээ хүлээж зогсож байгаа талаараа ч бичиж байжээ. Хүүхдийг нь бүтэлтэй төрсөн хоёр хатгаандаа битүү хатгалгаатай байсан гэх эмчийн оношийг ар гэрийнхэн нь үгүйсгэж “Жирэмсэн байхдаа бүх төрлийн нарийвчилсан шинжилгээ хийлгэсэн. Урагт ямар нэгэн гаж асуудал байгаагүй, эрүүл бойжиж байна гэсэн эмчийн тодорхойлт ч байгаа” гэв.

О.Сайхан