Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мэндэлсэн гурван ихэр ах дүүс өчигдөр буюу билгийн тооллын 16-ны өдөр хуримаа хийжээ. Ихрүүд 29 настай бөгөөд Баруун-Урт хотын “Кристалл” хуримын ордонд гэрлэх ёслолоо үйлдсэн байна.
Тэднийг Ц.Өлзиймөнх, Ц.Өлзийжаргал, Ц.Өлзийбаатар гэдэг бөгөөд зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхдүүд аж. Ихрүүд дээрээ гурван эгчтэй бөгөөд нөгөө хоёр нь Ц.Өлзийжаргалыгаа “ахаа” хэмээн хүндэлж дууддаг гэнэ.
Тэдний хуриманд ах дүүс, найз нөхдөөс нь гадна Монголын ихрүүдийн холбооны Увс аймгийн харьяат гурван ихэр эгч дүүс зочилж, баяр хүргэсэн байна. Өрх гэрийн тоог гурваар нэмж, голомтоо бадраасан гурван ихэртээ болон гэр бүлд нь аз жаргал хамгийн сайхныг хүсэн ерөөе.
www.mnews.mn