11.28

Энэ өвөл зуд болно гэдгийг салбарын яам нь хүлээн зөвшөөрөв

Монголчууд хонь сүүлээрээ бич толгойгоороо шарваж зуд болдог гэж ярьдаг. Бас хялмаа ихэдвэл зуд, хялар ихэдвэл сохор гэж ч үг бий. Энэ жил цагааны зуд болох нь тодорхой болов гэж ярих хүмүүс ч олон байна. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд цас багатай байсан бол өнөө жил буюу өвлийн тэргүүн сар гараад долоо хоноогүй байтал нийт нутгийн 80 орчим хувийг хамарсан цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч улам чангарсан нь өнөө өвлийг ямар жил болох өнгийг нь тодорхойлчих шиг боллоо. Тиймээс энэ өвөл зуд гэгч айхтар зүйл нүүрлэх өндөр эрсдэлтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас сануулж, бас хүлээн зөвшөөрөв. Энэ жил улсын хэмжээнд 56 сая толгой мал өвөлжих бөгөөд үүнд өвс тэжээлийн хүрэлцээ муу байгаа аж. Баруун аймгуудын хувьд өвөлжилт хүндэрсэн бөгөөд хадлан тэжээл ч сайн бэлтгэж базааж аваагүй байгаа ажээ. Тэгвэл салбар хариуцсан сайд Р.Бурмаа "Энэ жил гантай байсан учраас өвөл хүндэрч болзошгүй гэдгийг анхааруулсан.Хэд хэдэн асуудлаар Засгийн газарт асуудал гаргасан. Сумдад нөөцийн өвс, хадлан тэжээл бэлтгэх ажлыг даалгасан. Өөрөөр хэлбэл, бүх яам, байгууллагад үүрэг өгсөн байгаа. Дүн мэдээллийг авч байгаа" гэсэн юм.

О.Сайхан