Гадаадад сурдаг ч юм билүү? Аль эсвэл, найз залуу маань болохгүй байна уу? Залуугаа солино оо, ерөөсөө. Үгүй бол, ажлаасаа гараад үзье дээ, тэгвэл ямар нэг зүйл сайжирч магадгүй...
Манайд яг дээрх шиг утга санаатай нэгэн захидал ирж байсан юм. Захидал бичсэн бүсгүйн цээжин дотроос ямар нэг зүйл болохгүй байна, чи аз жаргалгүй байна гэсэн дуу хоолой чангаар хашгирч байгаа нь илт. Гэхдээ тэр яагаад аз жаргалгүй байгаа, юу болохгүй байгааг мэдэхгүй. Энэ эрэл хайгуул дундаа тэр найз залуугаа, ажлаа хэд хэдэн удаа сольсон бөгөөд тэгсэн ч нэг л зүйл дутагдаад байсан тул одоо хаашаа ч хамаагүй явж, юугаар ч хамаагүй сурах бодол тээж байгаа тухайгаа бичсэн байв. Гэхдээ юуны төлөө? Бас л тодорхойгүй.
Зорилго хаана оршдог вэ? Сонссоор байгаад улиг болсон ч гэлээ “зорилго” үнэхээр чухал гэцгээхийн учир нь энэ билээ. Хүмүүс бид бүгдээрээ өөрөөсөө илүү гаралгүй, өдөр хоногийг нэгэн хэвийн өнгөрүүлсээр эцсийн мөчтэйгөө нүүр тулж болох ч, энэ хугацаанд үе үе бидний өөдөөс “Чи юуны төлөө амьдардаг вэ?” гэсэн цочирдмоор асуулт цохиод авах шиг л болно. Энэ асуултаас зугтаж амьдарч байгаа бүсгүйчүүд бидэн лүү “Би ажилдаа амжилттай, цалин сайтай, гэр бүлтэй, гаднаас нь харвал хэнд ч гологдохооргүй сайхан бүсгүй, гэхдээ л...” гэсэн эхлэлтэй захидлыг бичин асуултынхаа хариуг хайдаг байх.
Хэрвээ чамд ч бас юу гэдэг нь үл мэдэгдэх ямар нэг зүйл дутагдаад байвал, энэ 7 асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
1. Чи хүүхэд байхдаа юунд дуртай байсан бэ?
Жаахан байх үед чиний сэтгэлийг юу дүүргэдэг байсан бэ? Бичих, зурах, ямар нэг зүйлийг өрөхөөс авахуулаад хүүхэд байхаасаа л хүн зүрхнийхээ дуудлагыг дагаж эхэлдэг. Гэхдээ том болоод хүмүүсийн яриа, цаг хугацаа, нийгмийн шаардлагыг дагаад жинхэнэ дуртай зүйлээ хийхээ зогсоочихдог юм. Хүүхэд байхдаа хийдэг байсан, чамайг аз жаргалтай болгодог зүйлсээ чи одоо ч хийх боломжтой юу? Тийм бол яагаад хийхгүй байгаа вэ? Одоо ч гэсэн тэдгээр зүйлс чиний сэтгэлийг хөдөлгөх чадвартай хэвээрээ юу?
2. Хэрвээ чи ажилгүй, гэхдээ мөнгөтэй байсан бол тэдгээр сул цагуудаа юугаар нөхөх байсан бэ?
Төсөөлөн бодох чадвараа ашигла. Хэрвээ чи ажилгүй, мөнгөтэй, гэхдээ гэртээ өдөржин байх нь хориотой нөхцөлд амьдардаг байсан бол юу хийх бол? Хаашаа явах вэ? Толгойд шууд орж ирж байгаа зүйлсээсээ цаасан дээр бич. Маргааш нь юм уу энэ амралтын өдрүүдээр түүнийгээ туршаад үз. Тэр дунд чинь чамайг үнэхээр аз жаргалтай болгодог зүйл, чиний энэ ертөнцөд төрсний даалгавар байх ч юм билүү?
3. Юу чамайг эргэн тойрноо мартахад хүргэдэг вэ?
Амьдралынхаа хамгийн чухал, том зорилгынхоо төлөө тэмүүлж байхдаа хүмүүс ихэвчлэн бусад зүйлсийг мартчихдаг. Цаг хугацаа яаж өнгөрч байгааг үл анзааран, дуусан дуустлаа идэж уухаа ч умартах нь бий. Яг ийм зогсолтгүй, орхимооргүй мэдрэмжийг чи хэзээ хамгийн сүүлд авсан бэ?
4. Чиний толгойд юу тойрон эргэлддэг вэ?
Чи ямар сэдвийн талаар унших дуртай вэ? Оройны “Цагийн хүрд”-ийг үзэж байхдаа юутай холбогдолтой мэдээ гармагц сортосхийдэг вэ? Facebook гүйлгэж байхдаа юун дээр тогтдог вэ? Шинэ соргог зүйлд сэрэмжтэй чих маань биднийг үнэхээр юу луу татагддаг гэдгийг хэлээд өгөх болно. Хэрвээ ямар сэдэвт дуртайгаа хэлж мэдэхгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Үүнийг олж мэдэхэд жаахан цаг хугацаа хэрэгтэй ч байж болох юм. Тиймээс эхний ээлжинд чөлөө цагаа өөртөө таалагдаж байгаа, дотроо зөв мэдрэмж авч байгаа ямар нэг зүйлд зарцуулсаар байвал эцсийн эцэст чи хайсан зүйлээ олох болно.
5. Чи хамгийн дотны найзуудтайгаа юуны тухай ярилцах дуртай вэ?
Ажил дээрээ байхдаа чи даргадаа таалагдах зүйлсийн тухай ярьдаг байж магадгүй. Нэг их дотно биш найзуудынхаа хүрээлэл дунд зүгээр л бусдын амыг нь дагуулж, инээлдээд өнгөрдөг байх. Гэхдээ үнэхээр дотны, чамайг байгаагаар чинь хүлээн авсан хүмүүстэй хамт байхдаа чи юуны тухай ам хуурайгүй ярьсаар л байдаг вэ? Энэ бол амьдралын чинь зорилгыг тодорхойлох нэгэн чухал луужин мөн. Үүнээс гадна, найзууд чинь чам дээр зөвлөгөө авахаар ирж байсан үеүдийг санаарай. Тэд ямар сэдвээр чамаас зөвлөгөө авахыг хүсдэг вэ? Энэ нь хүмүүс чамайг ямар талаар нь үнэлдэг, юундаа чадварлаг гэж боддог болохыг харуулна. Чиний огт авч хэлэлцээгүй зүйлс гарч ирэх ч юм билүү?
6. Үхэхээсээ өмнө заавал хийж үзэх зүйлсийн чинь жагсаалтанд юу юу багтсан бэ?
Өөрийнхөө хувьд чухалд тооцдог зүйлсээ энэ асуултын хариултаар харж болно.
7. Хэрвээ чамд мөрөөдөл байсан бол биелүүлэх зориг нь бий юу?
Олон хүнд мөрөөдөл бий. Гэхдээ тэд санхүүгийнхээ эрсдлийг тооцоод мөрөөдлөө хөөхөөс татгалздаг. Мөрөөдлөө өөдрөг өнцгөөс нь хараад, амжилт олохгүй гэдэгт өөрийгөө итгүүлэхийн оронд “Яавал боломжтой болох вэ?” гэж асуугаад үзээрэй. Сөрөг бодлууд л хүнийг хамгийн ихээр хойш нь татдаг. Тиймээс долоо хоног тутамд мөрөөдөлд чинь нэг алхам ойртуулах ямар нэг зүйлийг хий. Хийгээд эхлэхээр тийм ч хэцүү бас боломжгүй санагдахгүй.
“Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг”