11.30

Гар хүндрүүлэхгүй бол ”Үх”

Яг ийм зарчим төрөх эмнэлгүүдэд үйлчилж байна. Бараг ингэж хэлэх ч хөнгөдхөөр байгаа шүү дээ.Бусад эмнэлгийн тухай бичихэд зарим эмч нар нь дэндэж байна гэж хэлж болох байх. Харин төрөх эмнэлэгт бараг л зарим гэж байхгүй.

Бүх эмч нар нь гар хараад, авлига аваад, хүний амь нас, эрүүл мэнд, дөнгөж төрөх гэж байгаа бяцхан үрсийн амьдралыг ч боддоггүй. “Юун сүртэй юм, байж бай. Одооны охидууд ялархуу болчихсон. Төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болдог юм. Би ажилтай завгүй байна” гэх мэтээр харааж, загнаж, жаахан хэтрүүлдэг хүнд түлхэж унагах нь холгүй юм болж байгаа нь үнэн. Танил талаараа дамжуулаад, дарга цэргээр нь хэлүүлэхээр үзэн ядна.
 
“Чи танилтай гэл үү. Ямар овоо юм. Өөрөө төрөхийг чинь харъя” гэж зэвүүцдэг төрөхийн эмч ч байна. Бусдын эрүүл мэндийн төлөө тангараг өргөж байгаа эмч хүн аргаа бараад, ядахын мууд танилаараа ч болов хэлүүлээд оръё гээд ядаж байгаа хөл хүнд эмэгтэйг яагаад шүдээ зууж заналхийлэх, тэгтлээ үзэн ядах болов.
 
Үнэндээ шалтгаан бараг байхгүй. Зүгээр л даварч, олдог мөнгөндөө амташсан хэрэг. Гэхдээ тэр даврал нь байсгээд л хэн нэгэн сайхан эмэгтэйн амь насанд хүрч байна. Бас хорвоод мэндлэх гэж зүтгэж буй өдрөө халуун хэвлийдээ амьсгал хурааж байна, нялх үрс. Сэтгэл шимширч, зүрх зүсэм биш гэж үү. Энгийн иргэд бид зүрхээ зүсүүлж байгаа юм шиг сэтгэл өвдөж байна.
 
Гэтэл тэд хэдий нь хүн алаад сурчихсан алуурчин мэт болчихсон юм биш үү. Хамгийн ойрын жишээ, Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт энэ сарын 21-ний өдөр 27 настай залуу бүсгүй зулайг нь үнэрлэх үрээ төрүүлэх гэж байгаад амиа алдлаа.Ядаж нялх үр нь хэвлийгээсээ ч гарч чадаагүй. Талийгаач бүсгүй 19-ний өдөр өвдлөө гээд эмнэлэгт очсон байхад эмч нар нь тоохгүй байсаар хоёр хонуулж, 21-ний өдөр амиа алдсан байна.
 
Ийм яргалал, тамлал гэж байх уу. Эмч нь хагалгаанд орсон гээд байхгүй байсан тухай талийгаач бүсгүй нөхөр рүүгээ мессеж бичсэн байна билээ. Яг хагалгаанд орсон уу, мөнгө өгөхгүй бол байж л байг гээд хэвтэж байсан ч байж болох. За хагалгаанд орчихсон байя гэж бодьё.
 
Тэгвэл тэр төрөх чинь ганцхан эмчтэй болж таарч байна уу. Бүхэл бүтэн хүн амиа алдах дээрээ тулчихаад байж байхад яагаад огт тоосонгүй вэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эмэгтэйн жирэмсний картыг нэгдүгээр төрөхийнхөн хулгайлах шахам аваад явсан байна билээ. Хүн алсан хуудуутай хэргээ нуун дарагдуулах гэж увайгүй оролдлого юм биш үү.
 
Ингээд бичихээр өнөөх төрөхийнхөн нэр төр гутаалаа гэж ирээд сүржигнэж магадгүй. Гэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй жирэмсний картыг нь авч явна гэдэг ийм хардлага төрүүлэхгүй яах юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ийм л дажинтай, төрөхийн эмч нар нь улаан цагаан, бүр санаатайгаар эхчүүдийг алаг үртэй нь хөнөөж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь Төрийн нарийн бичгийн даргатайгаа авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдож байна.
 
МАХН-ынхан нь түүний орыг эзлэх хүнийг сонгохоор ярилцаж байгаа гээд л байж байх. Эзэнгүй эрүүл мэндийн салбарынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэхэд хилсдэхгүй.
 
Одоо нэгдүгээр төрөхийн хариуцлага алдсан, бусдын амь насыг санаатай гэж болохоор хөнөөсөн гэх эмч нарт хэн хариуцлага тооцох юм. Ямар хариуцлага тооцохоор болж байгаа вэ гэдэг нь сонин байна. Сайндаа л ажлаас нь халаад, өнөөх нь өөр нэг эмнэлэгт очоод, дахиад л авлига авна. Нэжгээд эхийг зовооно.
 
Тийм болохоор энэ мэтээр хариуцлага алдсан, санаатайгаар төрөх эхчүүдийг зовоосон, гарсан эмч нарын эмчлэх эрхийг нь хасдаг баймаар байна. Цаашлаад бусдын амь насанд заналхийлсэн, санаатай үйлдэл гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан ч яах вэ дээ. Тэгэхгүй бол төрөхийн эмч нар хүн араатан болж гүйцлээ байна.
 

 

Н.Болд
Эх сурвалж:"Монголын мэдээ"сонин