Батлан хамгаалах салбарын хэмжээнд энэ онд цэргийн албан хаагчдыг орон сууцжуулахаар багагүй ажил хийж байгаа билээ. Тухайлбал, өчигдөр Монгол цэргийн музейн хажууд 300 айлын орон сууц ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар болон орон сууцанд орж буй алба хаагч, тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.
Нээлтийн үеэр БХЯ-ны сайд Ц.Цолмон “Цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгохоор тодорхой банкуудтай хамтран ажиллаж орон сууцны хуримтлал бий болгож, удаан хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээсэн юм.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн мэдээлснээр, уг барилгын ажлыг 2011 онд “ХӨМОТЭ” ХХК эхэлж 2014 он хүртэл 70 орчим хувийн ажлыг гүйцэтгээд зогсонги байдалд орсон байна. Улмаар гүйцэтгэгч компанийн зүгээс ажиллах хүчний бололцоогүй тухай мэдэгдсэний дагуу манай барилгын болон инженерийн цэргийн ангиуд 30 хувийн гүйцэтгэлийг гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Мөн Зэвсэгт хүчний 014 ангийн цэргийн алба хаагчид 114 метр явган хүний зам, 120 метр шороон далан бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус орон сууц нь есөн давхар, дөрвөн блок барилгаас бүрдэж байгаа юм байна.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ
www.unen.mn