12.01

Аудитын газарт итгэх үү, Ардын намынханд итгэх үү

Ингэж л асуухаас өөр арга алга. Монголын эдийн засаг нийгмийн амьдралд өнөөдөр анхаарал татаж буй нэг асуудал бол Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаарх зөрүүтэй мэдээлэл. Бондын мөнгө үр ашиггүй зарцуулсан, улстөрчдийн компани их хэмжээний зээл авсан, удирдлагууд нь бондын мөнгөөр тансагласан гэх мэтээр нийгмийг хоёр хуваасан асуудал үүсчихээд байгаа. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан Хөгжлийн банкинд шалгалт хийсэн. Хоёр байнгын хорооны 10 гишүүнээс гадна Үндэсний аудитын газар, Сангийн яам болон бусад албаны хүмүүс ажлын хэсэгт орсон аж. Бүтэн 10 сарын хугацаанд явагдсан ажлын хэсгийн дүгнэлт тун эрт гарсан гэдэг. 

Гэсэн ч хоёр намын бүлэг уг асуудлыг УИХ-аар болон холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэлгүй удтал дарсан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан удаа дараа мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн ч хойшлуулж, мөн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал хойшилж байсан юм.Ингэж хойшилсон шалтгааныг Аудитын газар болон Сангийн яамнаас өөрөөр тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын намынхаа мэдээллийн цагийн үеэр олон нийтэд цацсан Хөгжлийн банкны шалгалтын дүн нь Сангийн яамнаас албан ёсоор баталгаажаагүй, мөн Аудитын газрын албан ёсны цацсан шалгалтын дүн биш хэмээн мэдэгдсэн. 

Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тухайн ажлын хэсгийн дэд ажлын хэсэгт нь манай байгууллага орж ажилласан. Энэ ажлын хэсгийг байгуулагдаж ажиллахаас өмнө Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоол, Үндэсний аудитын газрын төлөвлөгөөний дагуу манай байгууллага Хөгжлийн банкинд гүйцэтгэлийн аудит хийж дүгнэлт гаргачихсан байсан. Шалгалтынхаа дүгнэлт, авсан арга хэмжээгээ тухай бүрт нь байгууллагын сайтад мэдээлээд явсан. Үүнээс өөр давхар аудит, дүгнэлт хийгдээгүй. Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу зарим асуудалд шалгалт хийгээд ажлын хэсэгт зориулсан танилцуулгын төслийг хүргүүлсэн. Энэ танилцуулгыг хүргүүлэхдээ хамтад нь өмнө хийгдсэн аудитын тайлангуудаа нэмэлт тодруулга материал болгож хүргүүлсэн. Ажлын хэсгийн танилцуулгын төсөлтэй танилцаад аудитын тайлангаас зөрүүтэй орсон асуудал дээр нь саналаа өгсөн байгаа.  

Аудитын тайлантай бүрэн эхээр танилцвал илүү ойлгомжтой болох байх” хэмээн мэдээлсэн. Харин Сангийн яамны албан эх сурвалж “Төрийн ажил явуулдаг ёс журам байдаг. УИХ-ын байнгын хороон дээр тараасан Сангийн яамны дүгнэлт гээд байгаа тэр материалыг яамнаас баталгаажуулаад албан ёсоор хүргүүлсэн бол холбогдох удирдлагууд нь хянаад, гарын үсэг зураад албан ёсоор хүргүүлэх ёстой. Энэ ажил нь хийгдээгүй болохоор боловсруулалтын явц дахь материал л УИХ-ын гишүүдэд очсон болов уу гэж таамаглаж байна. Сангийн яамны дүгнэлт гэх юм бол эхлээд яаман дээрээ албан ёсоор хэлэлцэж албан ёсоор хүргүүлсэн байх ёстой. Одоогоор албан ёсоор хүргүүлсэн гэсэн баримт харагдахгүй байна. Наад асуудлыг чинь хариуцаж байсан, хийсэн хүн нь халагдаад явчихсан байна.
Ном журмаараа бол ажил албаа хүлээлцээд, хийж байснаа тайлагнаад орныхоо хүнд албан ёсоор хүлээлгэх ёстой” хэмээн мэдээлсэн юм. Хөгжлийн банкны зөрчилтэй тайлан хэмээн мэдэгдсэн энэхүү тайланг Л.Энх-Амгалан нарын гишүүд аудитын газрын тайланд үндэслэн, тус газартаа хамтдаа гаргасан хэмээн онцолсон. Харин нөгөө талд албаны хүмүүс эсрэг зүйлийг яриад байгаа юм. Тиймээс л Аудитын тайландаа итгэх үү, эсвэл Ардын намын гишүүдэд итгэх үү гэдэг асуулт урган гарч ирлээ. Үндэсний аудит гэдэг бол ямар нэг улс төрийн нам болон улстөрчөөс үл хамааран албан байгууллагын тайланг үнэн зөвөөр гаргадаг байгууллага. Тэр ч утгаараа тайланд эрхэм гишүүдийн хэлээд байгаа шиг тийм зөрчилтэй, идсэн уусан зүйл байхгүй хэмээн мэдэгдэж буй. 

Харин нөгөө талд ажлын хэсэгт багтсан гишүүд АН-ынхан луйвар хийж, Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь мөнгө идсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Нийгэмд хоёр өөр ойлголт өгсөн энэ асуудлын юунд нь итгэхээ иргэд ойлгохоо больчихоод байна. Албан байгууллагын, бүхэл бүтэн нэг том компанийн шалгалтын дүн мэдээг үнэхээр МАН-ын гишүүд улстөржүүлээд байгаа бол энэ асуудлыг цэгцлэх цаг нь болсон баймаар. Хэвлэл мэдээлэл ч энэ асуудлаас болж хоёр хуваагдаж, иргэдэд хэнийх нь мэдээллийг хүргэхээ мэдэхээ болилоо. Хөгжлийн банкнаас мөнгө авсан улстөрчид дунд Л.Энх-Амгалан нарын гишүүд байсан талаар цахим сайтаар мэдээлэл цацагдсан. Гэтэл АТГ-аас мөн л өөр мэдээлэл өгч, “Тийм зүйл байхгүй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын дэргэдэх ёсзүйн дэд хороо хянах ёстой” гэсэн бөөрөнхий мэдээлэл өгчихөв. 

Ингээд л иргэд үнэхээр МАН, АН хоёулаа мөнгө идчихсэн юм уу, эсвэл АН ганцаараа идээд Ардын намынхан эх орончоор ил тод зарлав уу гэдгийг мэдэхгүй болчихоод байгаа юм. Аудитын газраар баталгаажсан, Сангийн яамаар дамжсан тэр албан ёсны шалгалтын дүнг хэн хэзээ зарлах вэ. Үүнийг нэн даруй ил тод болгоё. Үнэхээр аудитын газраар баталгаажсан дүн мэдээ зарласан юм бол МАН-ын гишүүд ч хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав нь баймаар байна. Нийгмийг хоёр хувааж, идээгүй, идсэн гэх энэ маргаанд өнөө маргаашгүй цэг тавьж, Хөгжлийн банкны талаар үнэн зөв мэдээлэл цацах нь чухал байна. Тэр тусмаа төрийн байгууллагын үнэн зөв мэдээллийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, нэр хүнд олох гэж эс бөгөөс шантаажлах зэвсэг болгон ашиглаж байгаа бол энд тохирох хариуцлага байдаг гэж найдъя.

Эх сурвалж: www.mminfo.mn