“Жаст” группийн ерөнхий захирал асан Ш.Батхүү 2009-2010 оны хооронд Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас гурван удаагийн гэрээгээр нийт 109.9 сая ам.доллар зээлсэн. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан” гэх дуулиан дэгдэж байсан нь саяхан. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өдгөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар энэ дуулиантай холбогдуулан “Тэрхүү баталгаа гэх гэрээнд “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Олон улсын шүүх, цагдаад очоод байдал хүндэрвэл тус үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэр дээрх хэрэг явдал юу болж байгаа талаар тодруулахад “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх маргаан одоо ч үргэлжилж байгаа. Лондоны Арбитрийн шүүхэд шилжсэн энэ асуудалд манай үйлдвэр багагүй зардал гаргаж байна. Ирэх долдугаар сард шүүх хурал болж эцсийн шийдвэрээ гаргах учиртай. Гэхдээ бид өмгөөллийн зардалд хэр хэмжээний мөнгө зарцуулж байгаагаа гэрээний дагуу нууцлах ёстой юм. Учир нь энэ гэрээ нууцлалын зэрэгтэй байдаг. Хэрэв шүүх хурлын шийдвэр манай улсын талд гарвал бид гаргасан зардлаа нөгөө талаас нэхэмжилж болно” гэв.
М.Болд