Тамхинаас гармаар байна уу? Тэгвэл бусдын аргаас туршлага судлаарай. Магадгүй чамд шинэ гарц нээж өгөх ч юм билүү?
Асуулга: Би тамхинаас ингэж гарсан
1. Би маш олон жил тамхи татсан. Сүүлдээ залхаж, гармаар санагдаад хамгийн найдвартай арга нь юу байна гэж их бодсон бас хайсан. Тэгээд тамхинаас гаргах эмчилгээнд хамрагдахаар шийдсэн. Эмчилгээний олон төрөл байдаг юм байна лээ. Тэр дундаас нь лазер эмчилгээг нь сонгосон юм. Ер нь хамгийн сайн нь лазер эмчилгээ юм шиг санагдсан шүү. (30 настай Е)
2. Миний хувьд багаасаа тамхи татсан. Өдөрт бас нэлээн их татчихдаг байсан. Тэгээд ер нь л дэмий санагдаад байдаг болчихсон л доо. Гэхдээ би гарна гээд янз бүрийн арга хэрэглэж байгаагүй. Зүгээр л нэг өдөр фитнесст дасгал хийчихээд татмаар санагдаад нэг сортол их муухай амтагдсан. Үүний дараа хэд хэдэн удаа дасгал хийж ядарсаныхаа дараа тамхи татах гэж үзээд дандаа муухай амтагдаж байсан болохоор ахиж татах хүсэл төрөхөө байчихсан. Ингээд л тамхинаас гарчихсандаа. (26 настай Ц)
3. Ер нь тэгээд л цэвэр тухайн хүний өөрийнх нь оюун санаа, сэтгэл зүйгээс л шалтгаалдаг гэж боддог. Би л гэхэд зүгээр л ахыгаа дуурайж маяглаж байгаад л орчихсон байсан. Ер нь бусдад догь харагдах гэсэндээ л татдаг байсан гэхүү дээ хэхэ. Жаахан байхад машиныхаа цонхыг доошлуулчихаад л тамхи баагиулаад явж байгаа хүмүүс догь харагдаад байдаг байсан шүү дээ. Тэгээд л саяхнаас ер нь ямар ч хэрэггүй хог, мөнгөний гарз гэдгийг нь ойлгож эхэлсэндээ. Тэгээд аль болох татахгүйг хичээж эхэлсэн. Жаахан татмаар санагдангуут нь ганц хоёр сорчихоод л хаячихдаг. Тэгээд л багассаар багассаар нэг мэдсэн огт татах хүсэл төрөхөө байчихсан байсан шүү. (28 настай Т)
4. Би бол нэг их татаад байдаггүй байсан л даа. Хааяа л нэг алкоголь хэрэглэхээрээ ч юм уу, сэтгэл санаа муу үед татдаг байсан. Угаасаа дэмий зүйл гэдгийг нь мэддэг болохоор ч тэр үү байнга татахыг хүсээгүй. Нэг өдөр бас нэлээн согтсон байхдаа татсан чинь дотор муухайруулж, муухай амтагдсанаас хойш ахиж татаагүй гэж хэлж болно доо. (34настай Б)
5. Сэтгэл санаанаас л их шалтгаалдаг юм байна лээ. Сэтгэл санаагаар унахаар л татмаар санагдаад байдаг байсан. Сэтгэл санаанаас болоод л татаад байдаг байсан зүйлээсээ сэтгэл санаагаараа л гарчихсан шүү дээ. Татахгүй байя, би тамхи татахгүй, татдаггүй гэж бодоод л явдаг байсан тэр чигтээ тэгээд л татахаа больчихсон. Сэтгэл санаа ч сайхан байна, мөнгөнд ч хэмнэлттэй аятайхан байгаа шүү. (23 настай А)
6. Бие, сэтгэл санаа тамхинд ханана гэж байдаг юм шиг байна. Би л гэхэд үнэхээр л татдаг байсан. За нэг сайхан сэнгэнэтэл татчихья гээд л тамхиа сорсон чинь хоолой гашуу оргиулаад л хахаж, цацаад муухай амтагдаад эхэлсэн тэгээд л ийм муухай мэдрэмж нэг авчихаар ахиад тамхи татмааргүй болчихдог юм байна лээ. (35 настай С)
Харин чамд эдгээр бүсгүйчүүдтэй ижил туршлага бий юу? Байгаа бол сэтгэгдлээр хуваалцаарай.
www.goolingoo.mn