12.04

Ерөнхий сайд Л.Жамбалжавыг сайдын суудалд суухыг нь дэмжсэнгүй

Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдон, цагдан хоригдсон нь олны анхаарлыг татаад байгаа. Түүнийг өрөөндөө бусдаас 500 сая төгрөгтэй тэнцэх ам.долларын хахууль авч, өрөөнийхөө сейфенд хийж байхад АТГ-ын ажилчид үйлдэл дээр нь баривчилсан гэж эх сурвалжууд хэлж байсан. Харин АТГ-аас тухайн үед ямар нэгэн мэдээллийг өгөөгүй юм.

Үүний дараа Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргаж, энэ сайдын суудал өнөөдрийг хүртэл эзэнгүй байна. Мөн Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байгаа аж.

Харин өнгөрсөн долоо хоногийн ням гарагт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, улсын төв эмнэлгийн дарга асан, гавьяат эмч Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Улмаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлжээ.

Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариу бичигтээ “Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол улсын үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн юм.

Ийнхүү Ерөнхий сайд эзэнгүй байгаа сайдын суудалд нэр дэвшүүлсэн хүнийг зөвшөөрсөнгүй. Уг нь Засгийн газар байгуулагдахдаа Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг МАХН-д хувааьласан. Гэтэл АН энэхүү амлалтаа зөрчиж, өөрсдийн хүнийг тавих сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг зүтгүүлж магадгүй аж. Ямартай ч нэг сайдын суудал эзэнгүй 20 хонох гэж байна. Уг нь намын эрх ашгийг хойш тавьж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ биелүүлэх нь Засгийн газар, УИХ-ын ажил гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж баймаарсан.

Г.Төмөр