12.05

Абдул Карим гэрээгээ цуцлахаар болжээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга 24 тэрбум төгрөгөөр зарагдаж, түүнийг Монгол улсын иргэн Абдул Карим авсан нь олны анхаарлыг ихэд татаж буй хэвээр байна. Тэрээр араб гаралтай, монгол эхнэртэй. Өдгөө 60 шүргэж яваа бөгөөд 30 гаруй жилийн өмнө Монгол Улсад маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл бий.

Абдул Карим 2012 онд Монгол улсын иргэншилтэй болсон гэдэг. Манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд дуудаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан аж.

Хотын А бүсэд буюу Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарсан нь лалын хэт даврагчид Монгол улсад ирэхгүй гэх баталгаа байхгүй талаар хүмүүс ширүүн шүүмжлэл өрнүүлсээр буй.

Тус объектыг худалдах дуудлага худалдааны доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон гэх иргэн үнэ хаялцаж, худалдан авсан байдаг.  Эх сурвалжийн мэдээлснээр Абдул Карим тодорхой шалтгааны улмаас дээрх барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ. Тэрээр өөрийнх нь тухай болон гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа дурдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болсон мэдээлэл байна.

www.medee.mn

Э.ЭНХ-ЭРДЭНЭ