Өнөөдөр “Олон Улсын Хөрсний өдөр” тохиож байна.
Харин нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй нэгдүгээр асуудал бол хөрсний бохирдол юм.
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Мөн ил задгай бие засах, гэр хорооллын нүхэн жорлон, гадуур гуталтай гэртээ байх зэрэг энгийн атлаа ихээхэн сөргөөр нөлөөлдөг.
Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч, шинжилгээ хийлгэдэг. 2014 оны байдлаар хөрсний бохирдол ихтэй дүүргүүд, бүс нутгуудаар :
Арьс ширний үйлдвэр - хром, хар тугалга, никель
Ногоон нуур- хром, хар тугалга, никель
100 айл- хром, хар тугалга, никель
Шувуун фабрик, бөхөгийн голын адаг- E.Coli, эмгэг төрөгч бактер, мөөгөнцөр
Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол- E.Coli, мөөгөнцөр
Хан-Уул дүүргийн Яармагийн 8-р хорооны нутаг дэвсгэрийн хогийн цэг орчим - E.Coli, мөөгөнцөр
Баянзүрх дүүргийн Амгалангийн вокзал- E.Coli, Salmonelle
Сонгинохайрхан дүүргийн Сонгины амралт-E.Coli, мөөгөнцөр их хэмжээтэй
Нарантуул захын орчим-Аммоний азот 50 дахин их байгаа судалгаа гарсан байна.
Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400,саажилтын вирус 100-150 тус бүр хадгалагддаг. Судалгаанаас E.Coli, эмгэг төрөгч бактер, мөөгөнцөр үүсгэгч нь ихэнхи нутгаар тархаж байгаа нь бага насны хүүхэд гэдсэн суулга ханиад тархаад байгаатай холбоотой байж болох юм. Ер нь Улаанбаатар хот тэр чигээрээ мөөгөнцөр үржих талбай болж байна гэхэд буруудхааргүй байна. Иргэд аж ахуйн нэгжүүд дор бүрнээ цэвэр, ухамсартай байхгүй бол удахгүй “Улаан ном” -нд хөрсөө оруулах вий дээ.
www.top.mn