Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нялх хүүхэдтэй харгис хэрцгий харьцаж байгаа бичлэг олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл цэцэрлэгийн багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад нэгэн иргэн гаргаснаар тус газрын байцаагч нар хууль хяналтын байгууллагынхантай хамтран холбогдох шалгалтыг хийж, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд багшийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа гэсэн юм.
Хүүхэд зодож буй энэ хүн тус цэцэрлэгийн тогооч бөгөөд цэцэрлэгт нь туслах багш байхгүй тул хоолны цагаар туслах багшийн үүрэг гүйцэтгэж хүүхдүүдийг хооллодог байжээ. Мөн тэрбээр тус цэцэрлэгийн эрхлэгчийн дүү нь гэнэ.
Олон хүний дургүйцлийг төрүүлж буй энэ эмэгтэй огт гэмшсэн шинжгүй эцэг, эхийнх нь өөдөөс “яадаг юм, хохь нь” гэсэн бөгөөд хот руу эмчлүүлэх замын зардлыг нь өгсөн гэж худлаа ярьсан байна.
Тиймээс охины эцэг, эх тэр эмэгтэйг сэтгэцийн өвчтэй байх гэж таамаглаж байгаа гэнэ. Мөн хүүхэд нь цэцэрлэгт явж эхлээд л удалгүй өвдөж, байнга шахам эмнэлэгт хэвтдэг болсон нь энэ хүнтэй холбоотой гэж эцэг эх нь гомдолтой байгаа аж.
Ямартай ч хүний алаг үрийг тамлан зовоож буй энэ эмэгтэй, хамт суугаад бичлэг хийж байсан хүн хариуцлагаас мултрах учиргүй. Энэхүү бичлэгийг үзсэн иргэд харууссан, үзэн ядсан сэтгэгдлүүдийг үлдээсээр байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангиар биеэ хамгаалах чадваргүй мэдсээр байж тарчлаасан (удаа дараа энэ үйлдэл давтагдсан) гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэхгүй юм бол олон олон ээжүүд нэгдэж, хуулийн зохих хариуцлага хүлээтэл тэмцэх болно гэдгээ хүртэл мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn