Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандлын боомтоор манай улсын иргэд БНХАУ руу хувиараа мах гаргах гэж байгаад амиа алдсан хэд хэдэн тохиолдлын талаар хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн 11 сарын 24-ний өдөр Хатанбулаг сумын харьяат иргэн Г ямааны мах биедээ ороон хилээр гаргах гэж байгаад хилийн шалган нэвтрүүлэх дээр амиа алдсан байна. Мөн өөр нэг иргэн хөлдүү мах биедээ ороон хил нэвтэрснийхээ дараа биедээ ороосон махыг хутгаар салгах гэж байгаад гэдэс рүүгээ дүрж сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ.
Иргэдийн зүгээс ийнхүү хууль зөрчин хилээр мах гаргах гэж оролдох болсон нь хилийн цаана нэг кг мах 28 мянган төгрөгөөр зарагдаж байгаатай холбоотой хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн Дорноговь аймгийн ИТХ-ийн нэгэн төлөөлөгч “Өдрийн сонин”-д өгсөн мэдээлэлдээ, “Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар иргэдтэй уулзахдаа “Ханги Мандалын боомтоор мах гаргах боломжтой болчихлоо” хэмээн ярьсан юм билээ. Тэрбээр ийм яриа гаргасны үрээр малчид хилээр мах гаргах гэж гэж очсон байдаг. Гэтэл засаг дарга П.Ганхуяг “Тэр Г.Ганбаатар мах гаргах гаргахгүйг шийдэхгүй” хэмээн уурлаж цагдаагийн дэд даргадаа үүрэг өгсөн. Нэг дарга нь мах гаргана гээд, нөгөө дарга нь мах гаргахгүй гэсэн зөрчилдөөнөө болоод ихээхэн хэмжээний махтай очсон иргэд яахаа ч мэдэхээ байсан байна. Тэгээд өнгөрсөн сарын 30 гэхэд хил хаагдах гээд байсан учир иргэд махаа хувцас дотроо нуун хилээр гаргахаар оролдож эхэлсэн юм билээ. Боомт 11 сарын 16-ны өдөр нээгдээд 30-ны өдөр хаагдсан Үүнээс өрсөж иргэд махаа хилээр гаргах гэж байгаад амиа алдсан” хэмээн ярьжээ.
www.time.mn