12.07

Улаанбаатар-Эрээн чиглэлд автобус үйлчилж эхэллээ

Энэ сарын 2-ны өдөр улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлтийн  Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэл нээлтээ хийж, анхны зорчигчдоо хүлээн авлаа. Авто тээврийн үндэсний төвөөс энэхүү шинэ  чиглэл өдөр бүр иргэдэд үйлчлэх болсныг дуулгалаа. Том оврын автобус  “Баянзүрх” авто вокзалаас  хөдлөх бөгөөд том хүн 55 мянган төгрөг, хүүхэд 27500 төгрөгөөр үйлчлүүлэх аж. 

Харин Эрээнээс Улаанбаатар хүртэл том хүн 210 юань, хүүхэд 115 юаниар зорчих юм. Тасалбарыг  Баянзүрх, Сонгинохайрхан авто вокзал  “Нарантуул” худалдааны төв, Төмөр замын төв буудлын билетийн  касс болон онлайнаар захиалах боломжтой аж. 



Энэхүү шинэ  чиглэлд зорчигч тээвэрлэхээр “Атибус”, “Тэнүүн огоо”, “Эрдэм транс” гэсэн гурван компани шалгарсан байна. Тэд Улаанбаатараас Эрээний чиглэлд өглөө 06:00, орой 21:00 цагаас, Эрээнээс Улаанбаатарын чиглэлд өглөө 10:00, өдөр 13:00 цагаас хөдлөх юм байна. Тэдгээр компаниуд  шинэ чиглэлд зорчигч тээвэрлэхдээ зорчигчийн ая тух, аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж  ажиллана гэдгээ хэлж байлаа. Харин  АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат Зорчигчдын техникийн, хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавих талаараа дараах зүйлийг ярилаа. 




“Эмнэлгийн тусламж үйлчилгээний адил улс хооронд төдийгүй хот хоорондын зорчигч тээврийн автобусны  байршлыг тогтоох, хурдыг хэмжих GPS  төхөөрөмжийг бүх автобусанд  суурилуулсан. Мөн техникийн аюулгүй байдлыг хангахаар жилд дөрвөн удаа техникийн  үзлэгт оруулж буй. Алслагдсан аймгуудаас ирж байгаа автобусанд  шаардлагатай засвар үйлчилгээг  ойролцоох сууринд үзүүлж, хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон үед  өөр автобусанд шилжүүлэн суулгах ажлыг урьдчилан бэлтгэж зохион байгуулдаг”   гэлээ. 

Монголчуудын хамгийн их зорчдог Эрээн хот руу том оврын автобус үйлчилж эхэлсэн нь олон хүнд таалагдаж байгаа аж. Тухайлбал энэ сарын 2-нд анхны зорчигч Н.Ганхуяг гэгч залуу байсан бол үүнээс гурав хоногийн дараа буюу энэ сарын 5 гэхэд 20 орчим зорчигч автобусаар Эрээн хотыг зорьж байлаа. Тэд түргэн шуурхай, тав тухтай аялаж байгаагаа хэлж байсан юм.

Эх сурвалж http://www.info.mn