Үгийн утгыг нь хар муйхраар бодож үзвэл “Авсныг ил гаргах” гээд байгаа ч юмуу хаашаа юм бэ. Манай улсад энэ байгууллагыг 2007 онд бий болгосон нь авдаг өгдөг, иддэг уудаг явдал хавтгайрлаа гэж үзээд түүнтэй тэмцэх гэснийх үү эсвэл одоогийнх шиг “сэжигтэй харагдсан болгоныг бариад байх” зорилготой юу, бүү мэд. Ямартай ч АТГ(Авлигатай тэмцэх газар)-ын үндсэн нэг үүрэг нь ард нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх явдал гэж байгууллагын нь эрхэмлэх зүйлд заасан байдаг юм билээ. Яг энэ зорилгод нийцүүлэн зорилтот бүлгээ тодорхойлох ёстой юм шиг байна. Зорилтот бүлэг гэхээр л нийгмийн ядарч зүдэрсэн хэсэг юмуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ойлгодгоо энэ удаа арай дээгүүр тавьж үзмээр болчихож. Үүнд эх үрийн“хоёр ясыг салгаж” эсэн мэнд төрүүлснийхээ төлөө аяга хоол, таваг бууз идсэн эмч, бяцхан хүүг нь бичиг үсэгт суралцуулж, 35 үсэг хэлхэж сургасныхаа хариуд баглаа цэцэг, багахан чихрийн цуглуулга гардсан багшийн тухай яриад яахав. Эрүүл мэнд, боловсролын салбарт цаг наргүй ажиллаж байгаа тэдгээр хүмүүст талархах нь чин сэтгэлийн өчүүхэн илэрхийлэл гэж боддог. Үүнийг“авлига” гэгч айхавтар зүйлд багтаавал айлын нүүдэл тосдог эртний уламжлал, өнгөтэй өөдтэйгөө барьж бэрээ гуйдаг ёслол юу болохсон билээ. Харин төрийн албаны дундаас дээш тушаалын түшмэд, хил гаалийн байцаагчаас эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, ер нь хүний хэрэгцээ шаардлагыг далимдуулан“алгаа дэлгэдэг” эрх мэдэлтнүүдийг том бага гэлтгүй “зорилтот бүлэг” болгож, авлигын эсрэг сурталчилгаагаа тэдэн рүү түлхүү хандуулмаар байгаа юм. Тэрхүү “Зорилтот бүлэг”-т хэнийг багтаах, ямар онол сурталчилгаа явуулахаа АТГ-ынхан сайн мэдэж байгаа байх. Учир нь, жинхэнэ соён гэгээрүүлж, сурталдан ойлгуулж, авлига гээчийг жигшүүлэх ёстой улсууд нь наагуур чинь л байгаа юм биш үү. Та бүхэнд авлигын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэж, амжилт хүсье.
Д.Мөнхжаргал
www.unen.mn