Хоолоо идэхгүй байгаа 10-хан сартай бяцхан хүүг хайр найргүй алгадан зодох нэгэн эмэгтэйн байж боломгүй, хэрцгий авирлаж буй бичлэг онлайнаар цацагдаж, олон ч эцэг эх хүүгийн өмнөөс өр нь өвдөж, хүний ёсноос гадуур үйлдэл хийсэн тэр эмэгтэйг хатуу цээрлүүлэх хэрэгтэй гэцгээж байв.
Энэ явдал Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт болсон юм. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн.
Хамгийн сүүлийн мэдээллээр аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ захирамж гарган, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Бид хүүхэд зодуулж буй дүрс бичлэгийг утсандаа буулгасан багш Э.Янжинлхамтай ярилцлаа. Тэрбээр энэ бичлэгийг хийснээсээ болж ажлаасаа халагдсан төдийгүй бусдын дарамтад орж, айдастай амьдарч байгаагаа бидэнд ярьсан юм.
-АНХ БИЧЛЭГИЙГ ҮЗЭЭД “ШОК”-НД ОРЖ, ХЭНД ХАНДАХАА Ч МЭДЭЭГҮЙ-
-Хүүхэд зодож буй бичлэгийг цэцэрлэгийн эрхлэгчид үзүүлсэн өдрөө таныг ажлаасаа халагдсан гэж сонслоо?
-Тийм ээ. Бичлэгийг өнгөрсөн 11 дүгээр сарын 19-ний өдөр “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгт үзүүлсэн. Гэтэл тэр оройдоо л хурал зарлаад, намайг болон өөрийн төрсөн дүү, хүүхэд зодсон тогоочийг ажлаас халсан. Ингээд би ажлаас халагдсанаас хойш арваад хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр тухайн бичлэгийг хүүхдийн аав, ээжид хүргэж өгч үзүүлсэн. Ингээд маргааш нь хүүхдийн аав, ээж бичлэгийг аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэст аваачиж үзүүлснээр энэ хэрэг олон нийтэд ил болсон юм.
-Та ажлаас халагдсан өдрөөсөө хойш яагаад ийм олон хоногийн дараа бичлэгийг хүүхдийн аав, ээжидөгөв өө. Ямар шалтгаан байсан бэ?
-Анх бичлэгийг үзчихээд би үнэхээр “шок”-нд орсон. Хэнд хэлэхээ ч мэдэхгүй нэг хэсэг өөрөө өөртэйгээ ярилцсан гэхэд болно. Надад маш олон зүйл бодогдож байсан. Ямар ч байсан энэ бичлэгийг нууж болохгүй гэдгийг маш сайн ухамсарлаж байсан. Бичлэгийг цэцэрлэгийн эрхлэгчид үзүүлэхээсээ өмнө ээж болон дүү нарынхаа утсан дээр хуулж авсан. Хэрвээ ганц хувь байгаад, ямар нэг байдлаар устгасан бол ёстой л нуун дарагдуулсан болчих гээд байсан. Ингэж олон хоногийн дараа бичлэгийг дэлгэсний учир нь тухайн цэцэрлэгийн эрхлэгч болон тогоочийг буруугаа хүлээгээд, зодуулсан хүүхдийн аав ээжтэй нь надаас өмнө очиж уулзаад, уучлал гуйх болов уу гэж бодсон юм. Хоёрдугаарт яг тэр үеэр манай дүү байранд орох гээд найр нь давхцаад ажил төрөлтэй байж байгаад удаачихсан. Тухайн үед би “Буруугаа ухаараад, тэр хүүхдийн ээж аав дээр очихгүй бол би найраа дуусгаж байгаад бичлэгийг аав ээжид нь өгнө шүү” гэдгээ хэлж байсан. Ингээд аав ээжийг нь энэ бүхний учрыг олоосой гэж бодсон учраас бичлэгийг хүргэж өгсөн.
-Бичлэг олон нийтэд хүрснээс хойш таныг буруутгасан байр суурь маш их ажиглагдаж, адилханшийтгүүлэх ёстой гэж үзэх хүн олон байсан. Та түүнд эмзэглэсэн үү?
-Намайг буруутгаж байгаа хүмүүсийг би янз бүрээр бодохгүй ээ. Хамгийн гол нь би хүүхэд зодож байгааг харсаар байж юу ч хийхгүй зогсож чадахгүй. Намайг гар утсаа барьж зогсож байгаад тэр бичлэгийг өөрөө хийсэн гэж ойлгоод байх шиг байна. Тухайн тогооч өмнө нь хэд хэдэн удаа хүний хүүхэд зодож байсан болохоор би тэр үед юмыг яаж мэдэх вэ гэж бодоод өдрийн хоолны цагаар цонхны тавцан дээр утсаа хөдөлгөөнгүй байрлуулчихсан юм. Намайг гал тогооны өрөө рүү явсан хойгуур энэ бүхэн болж өнгөрсөн байсан. Өмнө нь хүүхэд зоддог байхад нь би зүгээр дуугүй өнгөрч байсан удаагүй. Ингэж болохгүй шүү дээ гэдгийг нь тухай бүрт нь хэлдэг байсан. Гэтэл эрхлэгчийн төрсөн дүү болохоор намайг янз бүрээр хэлж, дарамталдаг байсан. Манай ээж насаараа цэцэрлэгийн байгууллагад ажилласан болохоор би энэ тогоочийн талаар ээждээ ч хэлсэн. Гэтэл ээж маань баримттай л юм ярихгүй бол хүн хэзээ ч итгэдэггүй юм гэж зөвлөсөн. Тиймээс баримтжуулъя гэж бодсон маань энэ. Өмнө нь нэг хүүхдийн тархийг нь хөдөлтөл зодож байсан. Дараа нь нэг хүүхдийг хамраас нь цус гартал алгадаж байсан.
-БИЧЛЭГЭЭС БОЛЖ ДҮҮ НЬ ЯЛ АВБАЛ НАМАЙГ АСУУДАЛД
УНАГАЖ ЧАДНА ГЭЖ СҮРДҮҮЛСЭН-
-Тогооч хүн яагаад хүүхдэд хоол өгөх болов гэдэг сонирхол татдаг. Багшийн хийх ёстой ажил биш үү?
-Хэрэв энэ байгууллагад нэг ангид хоёр багш байдаг байсан бол хэзээ ч ийм асуудал гарахгүй байх байсан. Би өнгөрсөн гуравдугаар сард эрхлэгчдээ энэ талаар шаардлага хүсэлт тавьж үзсэн. Гэтэл “Манайх төсөв, санхүү нь хомс болохоор ийм боломжгүй. Чи ганцаараа ажиллахаас өөр аргагүй гэж хэлсэн. Тогооч орж ирж тусалдаг байсан. Энэ тогооч бол цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгийн дүү. Тогооч, үйлчлэгчийнхээ цалинг давхар авдаг. Тогоочийн нөхөр нь жижүүрийн цалин авна. Эрхлэгчийн охин нь нягтлангийн цалин авдаг. Ерөөсөө л гадны хүн хоёрхон байсан нь нөгөө бүлгийн настайвтар багш, бид хоёр.
-Хоёрхон багштай байсан гэсэн үг үү?
-Хоёр багш, хоёр бүлэгтэй цэцэрлэг шүү дээ.
-Тантай хамт ажиллаж байсан багш энэ бүхнийг яаж хүлээж авсан бэ?
-Уг нь насаараа цэцэрлэгийн багш хийсэн хүн надад түшиг болох болов уу гэж бодсон. Гэтэл яг энэ асуудал гараад ирэхэд ерөөсөө л өөрийгөө авч гарахыг илүүд үзсэн. Тогооч хүүхэд зоддог асуудлыг бид хоёр хоёулаа мэднэ. Их ч шүүмжилдэг байсан. Тэр болгоныг одоо та хэл, айж ичих юм байхгүй гэхэд “Надад хэлэх юм юу байх вэ дээ” гэж байгаа юм. Байцаагч танай ангийн хүүхдийг зодож байсан уу гэж асуухад “Манай ангид лав гайгүй ээ” гэж хариулсан байсан. Хүний хүн чанар гэж иймэрхүү үед л мэдэгддэг юм байна.
-Энэ бүхнийг ил болгосноор ажлаас халагдана гэж бодоогүй юу?
-Би ар гэрийн амьдралаа ганцаараа авч явж, гэр бүлээ 200 мянган төгрөгөөр тэжээдэг. Дээрээс нь банкинд зээлтэй. Ерөөсөө л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байсан байж хүүхдийн эрхийн төлөө энэ бүхнийгээ ч хайхралгүй бичлэгийг ил болгосон юм шүү. Өнөөдөр миний байдал үнэхээр хэцүү байна. Үнэн хэрвээ ялдаг л юм бол би энэ бүхний эцэст ялж чадна гэж бодож байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг “Манай дүү энэ бичлэгээс болж ял сонсох юм бол би чамайг эргүүлээд асуудалд унагаж чадна шүү. Энэ бичлэгийг хувийн ашиг сонирхлоор, өш хонзонгийн сэдэлтээр бичсэн” гэж хүртэл хэлсэн. Надад ерөөсөө тийм зүйл байгаагүй. Би ердөө нэмэлт багш ав, тогоочоо сольж, хоолны амт чанарыг сайжруул гэсэн хоёр шаардлага л тавьж байсан. Аль болж бүтэхээрээ л ангийнхаа хүүхдүүдтэй ажиллаж байсан.
-ХҮҮХДИЙН АМЬ НАС ХОХИРСОН БОЛ ХАРИУЦЛАГА НЬ НАДАД ОНОГДОХ БАЙСАН-
Та залуу хүн. Цаашид ямар ажил төрөл хийе гэж бодож байна. Дээд шатны боловсролын байгууллагадхандах уу?
-Би гурван хүүхэдтэй. Хамгийн бага маань 1.5 сартай. Манай нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй. Би энэ цэцэрлэгт ажиллаж, амь зогоож байсан. Цаашид яах ёстойгоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ залуу хүн учраас ажиллах ёстой, үр хүүхдүүдээ тэжээх ёстой. Энэ хэргийг нэг тийшээ шийдэгдтэл ажилд орох боломж үнэндээ надад алга. Цагдаагаас байн байн дуудаастай. Дээрээс нь бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш тэр тогоочийн ар гэрийнхэн намайг байнга дарамтлах болсон. Нөхөр нь архи уух бүртээ “Манай эхнэрийн мууг үзсэн. Чамайг ална” гээд гэрт ирж агсам тавьдаг. Үүнээс болоод нөхөр бид хоёр гэртээ очиж чадахгүй, гурван хүүхдээ дагуулаад айл айлаар хонож өнжиж явах болоод байна.
-Бичлэгийг дэлгэхээсээ өмнө дарамт шахалтад орж, ямар нэгэн муу зүйл болох вий гэж айгаагүй юу?
-Би энэ болгоныг бодож үзээгүй юм. Энэ бичлэгийг ил болговол надад ингэж тэгж нөлөөлөх юм байна гэж үнэндээ төсөөлөөгүй. Тэднийг өөрсдийнхөө бурууг ухамсарлах болов уу л гэж бодож байсан. Тэдний мууг үзэх гэсэндээ биш. Гэтэл эсрэгээрээ намайг хүний муу үзэх гэсэн гэж бодож байна. Хүүхэд гэдэг чинь эмзэг шүү дээ. Хэрвээ гай таараад үхчихсэн бол яах байсан юм. Тэрнээс нь өмнө би сэргийлж чадсан. Муугаар бодож хүүхдийн амь нас хохирсон бол эцэс сүүлдээ хариуцлага нь цэвэр надад оногдох байсан. Тэгэхээр нэг талаараа өөрийгөө аюулаас сэргийлж чадсан гэж бодож байгаа. Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалсан. Хамгийн гол нь надад байгаа хамгийн нандин гэр бүл, миний хүүхдүүдэд ямар нэг байдлаар халдах вий дээ гэж айж байна.
Ийм байдалтай байж цагдаагийн байгууллагад яагаад хандахгүй байгаа юм бэ?
-Уг нь нэг өргөдөл аваачиж өгсөн л дөө. Байцаагч маань “Одоохондоо хэрэггүй. Би нөгөө талын хүмүүст ойлгуулаад хэлье” гэсэн. Гэхдээ одоо хүлээгээд байх шаардлага алга. Маргааш намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авахыг хүссэн хүсэлт гаргана. Энэ хэрэг нэг тийш шийдэгдээд, хамаг асуудал дууссаны дараа энэ хүмүүс намайг болон гэр бүлийг маань яаж ч мэднэ. Энэ үед би яах вэ гэх айдас надад маш их байна. Би энэ Дундговиос хаашаа явах вэ дээ.
-ХҮҮГИЙН ААВ ЭЭЖ БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛСЭН-
-Тэр тогооч ямар боловсролтой вэ?
-Боловсрол муутай юм билээ. Би ч гэсэн айхтар дээд боловсрол эзэмшсэн хүн биш. Гэхдээ эмэгтэй хүн, эх хүн, багш хүн гэж ямар байх вэ гэдгийг ялгаж салгаж чаддаг.
-Энэ цэцэрлэг яг хэдэн онд байгуулагдсан, та хэр удаан ажилласан бэ?
-Байгуулагдаад гурван жил болж байгаа гэсэн. Би ажилд ороод есөн сар болж байсан.
-Зодуулсан хүүхдийн аав, ээж хоёр тантай уулзсан уу. Юу ярьж байна?
-Зайлуул надтай байнга утсаар ярьж, холбоотой байгаа. Хүхдийнх нь бие бас сайн дээрдэж өгөхгүй байх шиг байна. Хот руу яваад, эмчид үзүүлээд, өчигдөр орой ирсэн. Одоо Дундговь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Шалтгаангүйгээр өндөр халуураад, таталт өгөөд байгаа гэж байсан. Надад баярласан талархсанаа илэрхийлсэн. “Ямар ч шалтгаангүйгээр өвдөөд байсан. Ийм зүйлээс болж байсан гэдгийг мэдэж авлаа. Таныг хэлээгүй бол бид хэд мэдэхгүй, миний хүүхэд насаараа эрэмдэг зэрэмдэг болох байсныг ч үгүйсгэхгүй” гэж байсан. Залуу хүмүүс шүү дээ. Энэ хэрэг хамгийн гол нь үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж л хүсч байна.
Б.ЦЭЛМЭГ
www.medee.mn