Дэлхийд танигдсан Монгол од эх орондоо ирэн бие даасан тоглолтоо толилуулахаар зэхээд байгаа гэхээр та хэний тухай ярьж байгааг хэдийнээ гадарлан бол уу. Тэр эрхэм бол дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гранпри шагнал хүртсэнээсээ хойш дэлхийн алдарт тайзнаа уригдан дуулж байгаа Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар юм. Тэрээр энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэнээс хойш Монгол хүний гарч байгаагүй алдартай тайзнуудад ая дуугаа өргөн нэрээ дуурсгаж яваа билээ.
Харин дэлхийн хэмжээнд уран бүтээлээ толилуулж байгаа тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнээс хойш анх удаа эх орондоо “Монгол сонгодог” бие даасан тоглолтоо хийхээр болоод байгаа юм. Тэрээр 2012 онд М.Глинкийн уралдаанд түрүүлж, Гавьяат жүжигчин цолоор шагнуулсныхаа дараа ард түмэндээ “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан билээ.
Тэгвэл энэ сарын 19-нд 18:30 цагт Соёлын төв өргөөнд Монголын сор болсон сонгодог уран бүтээлчдийн бүтээлийг сонордуулахаар хэдийнээ бэлэн болжээ.
Гоцлол дуучин Г.Ариунбаатар хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд Улаан Үдэд бие даасан тоглолтоо хийсэн юм. Сонирхуулахад түүний ирэх онд хийх тоглолтыг хуваарь хэдийнээ гарсан бөгөөд шинэ оны эхний өдөр буюу ирэх нэгдүгээр сарын 1-нд алдарт Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах гэрээгээ үзэглэнэ гэсэн шүү. Мөн тэрээр ирэх онд Америк, БНСУ, БНХАУ гээд олон аялан тоглолтын тов түүнийг хүлээж байгааг дуулгасан юм.
www.unen.mn