Би архи, дарсны идэвхтэй хэрэглэгч биш л дээ. Гэхдээ хаа нэгтээ найз нөхөдтэйгөө халуун дулаан яриа өрнүүлсэн шиг мөстэй виски зөөлөн шимж суух сайхан л байдаг. Гарын алгаараа дулаан ялгаруулж үнэрийх нь сайхныг мэдрэн навчин тамхиар даруулсан шиг Хэнниси тамшаалах бүүр ч таатай мэдрэмж.
Хүн болж төрснийх энд тэнд бишгүй л явж, алтан мөнгөн, гялгар гялтганасан шошго, лонхтой умдаа дарсыг амсаж амталж л явлаа. Импортлогчдынхоо ачаар хямдгүй юм аа гэхэд тасарсан үнэгүйгээр америк Жон, франц Жое, англи Жакийн уудагийг ууж, амталдагийг амталж байсан юм.
“Байсан юм” гэх болсон нь Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Онцгой албан татвар, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн өөрчлөлт болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой.
Нэг литр коньяк, виски, ром, джиний онцгой албан татвар 8700 байгааг 17400 болгон хоёр дахин нэмэгдүүлэхээр, архи импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100 сая төгрөг хураадаг байсныг 1 тэрбум, шар айраг импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50 сая төгрөг хураадаг байсныг 500 сая төгрөг, дарс импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 сая байсныг 100 сая төгрөг болгон 5-10 дахин нэмэгдүүлж, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах төлбөрийг мөн 10 дахин нэмэгдүүлэхээр Онцгой албан татвар, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсөлд тусгажээ.
Архи, бүх төрлийн дарсны импортын албан татвар 20 хүртэл хувьд багтаан Засгийн газар тогтоодог байсныг өөрчилж, цагаан архи, ликерын гаалийн үнийн 40 хувиар, коньяк, виски, ром, джиний 15 хувиар гаалийн татвар тооцож, мөн нэг литр тутамд нь 6000 төгрөгийг татварт суутгах юм байна. /өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг энэ хаягаас үзэх боломжтой. http://www.parliament.mn/laws/projects/750/
Импортлогчид энэ бүх татвар хураамжийг бүтээгдэхүүний үнэндээ шингээж, шил коньяк, вискиний үнэ хэд дахин нэмэгдэж, тансагийн тансаг хэрэглээ болох нь тодорхой боллоо. Мань мэт шиг хаа нэг хүртэгсэд ч яахав. Үнэнхүү дурлагсад харин энэ шинэ жилээр хэдэн хайрцаг дарахад буруудахгүй л болов уу.
Төр засаг үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих нь зөв л байх. Харин хүмүүн төрөлхтөний хэрэглээний соёл, амьдралын хэв маягаас хойш чангааж хуурай архинаас өөр сонголтгүй байлгах нь хир юм болдоо.
“Шийдлийн Засгийн газар нэг ч татвар нэмэхгүй” гэсэн амлалтаа байг гэхэд, хуурай хуулийг дагаж хууль бус бизнес газар авдаг, хулхи архи дарсны хэрэглээг дагаж хүний амь нас, эрүүл мэнд хохирдог, хямд төсөр жижиглэн, ганзагын наймааг дагаж хил гаалийн зөрчил нэмэгддэг, импортын бизнес хумигдаж ажлын байр, төсвийн хөрөнгө хомсддог, өрсөлдөх чадвар муудаж, чанарын дэвшил хоцрогддог гэдгийг уг нь мэддэг л баймаар юм.
За тэгэхээр Жонни ахдаа баяртай гэж хэлэхээс өөр замгүй боллоо. Баяртай Жонни. Та над руу хямдраад ирэх үү, би тань руу мөнгөжөөд очих уу. Тэр болтол баяртай.
Д.Түвшинтөр