12.14

А.Баярцэцэг: Мисс гэдгийг хиймэл хумстай, нүүрээ будсан хүнээр төсөөлж болохгүй

Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт болж өнгөрсөн. Эх дэлхийн 95 орны гоо бүсгүйтэй титмийн төлөө өрсөлдсөн мисс А.Баярцэцэгтэй эх орондоо ирсэн даруйд нь уулзаж ярилцлаа.

 

-Юуны өмнө танд баяр хүргэе. “Эх дэлхийн мисс” тэмцээнд ямар амжилттай оролцсон талаараа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-“Эх дэлхийн мисс” тэмцээн гурван долоо хоног үргэлжиллээ. Энэ тэмцээнд Монголоос 5 дахь жилдээ оролцож байгаа. Ерөнхийдөө явцын дунд арав гаруй шалгаруулалт болдог. Үүний таван шалгаруулалтаас дөрвөн алт, нэг хүрэл медальтай ирсэн. Тэр дундаа үдшийн гоёлын даашинзаараа дизайнер Н.Отгонжаргалын урласан загвараар алтан медаль, Фото төрөлд алтан медаль, Бүтээлч сэтгэлгээний багийн төрлөөс алтан медаль, Ази тивээ төлөөлөн НҮБ-дтанилцуулсан илтгэлээрээ түрүүлж Шилдэг илтгэлээр шалгарсан. Богино даашинзны төрөлд дизайнер Н.Отгонжаргалын даашинзаараа хүрэл медаль хүртэж, Улсын танилцуулга эко видео маань Шилдэг дөрвөн видеогийн нэгээр шалгарч, Авъяасын төрөлд Шилдэг 12-т багтсан амжилттай байлаа. Төгсгөлийн финалийн өдөр шилдэг 16-д тунаж үлдсэн. Ийм амжилттай эх орноо сурталчлаад ирлээ.

-Эх орноо сурталчлах гэдэг үгийг та маш их хэлж байна. Та тэнд байхдаа эх орноо яаж, ямар өнцгөөс нь сурталчлахыг хүссэн бэ?

-Миссийн тэмцээнд би хувь хүн талаасаа маш бага, эх орон Монгол гэдэг талаас нь гаргана гэсэн зорилготой байсан. Тийм болохоор би үргэлж энэ үгийг хэлж байсан болов уу. Эх орноо сурталчлах нь эх орноо хайрлах, бахархах сэтгэлээс эхэлнэ. Өдөр тутамд үндэснийхээ хувцасыг өмсөж сурталчилж болж байна. Эдгээр үндэсний хувцасыг өмссөнөөрөө би үндэсний үйлдвэрлэгч компаниудаа сурталчилж болж байна. Мөн үндэсний хөгжим, уран бичлэг, бүжгийг авьяасын төрөлд сурталчилж байх жишээтэй. Эх дэлхийн мисс тэмцээний бас нэг онцлог бол “eco beauty”  учир эх орныхоо танилцуулгыг видео болгож хийсэн. Тэрэн дээр Монголынхоо сайхан байгалийг дэлхий тэр аяараа үзэж байгаа учраас хүн бүхэнд Монгол яасан сайхан орон бэ, Монголд очихсон гэх тэр сэдлийг төрүүлэх, сэтгэлийг огшоох видео хийх гэж зорьсон. Тэрэн дээр А.Баярцэцэг ямар байх чухал биш, эх орон минь, Монгол минь ямар сайхан бэ гэдгийг харуулах л чухал байсан. Очоод мөн өдөр тутамд биеэ авч явж байгаа байдал, бэлтгэл, зан харилцаа, миний гаргаж байгаа амжилт бүхнийг Монгол гэдэг нэр дагаж байгаа болохоос хувь хүний нэр төдийлөн чухал биш. Иймд хэрвээ би сайн байвал улсын минь нэр гарч, би муу байвал улсын минь нэр дарагдана гэдгийг маш сайн мэдэж байгаа учраас бүх чадлаараа хичээж оролцсон.

-Видеоны талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Та өөрөө жүжигчин мэргэжилтэйн дээр саяхан “Марко Поло” кинонд тоглосон шүү дээ?

-Видеог би ингэж ганцаараа хийж үнэхээр чадахгүй. Энэ видеод маш олон хүний сэтгэл шингэсэн. Тухайн үед би Малайзад “Марко Поло” киноны зураг авалтад оролцож байсан. Тэгэхэд “Марко Поло” киноны ерөнхий зохиолчид би өөрийгөө ийм тэмцээнд оролцохоор болсноо хэлэхэд надад зөвлөгөө өгсөн. Ингэж зохиолч Жон Фускогийн ачаар бид хоёр хоорондоо ярилцаж байж эхний зохиолоо гаргаж авч байсан түүхтэй. Мэдээж зохиолоо гаргаж байхдаа дүрсүүдээ толгойдоо ургуулж бодно. Монголд ирснээс хойш видео хийх хугацаа надад дөрвөн өдөр л байсан. Надад бага хэмжээний хувийн дүрсүүд байсан. Тэгээд “ACE” студийн ах нар маань тусалж, дуучин Сонгууль эгч гайхамшигтай клипнээсээ дүрсээ харамгүй хуваалцаж, “Zoljargal & son" филмийн Батбилэг ах, Эко телевизийн зураглаач Түмээ ах гээд маш олон уран бүтээлчдийн бүтээлүүдээс авч, тэднийхээ ачаар Монголын хамгийн сайхан дүрснүүдийг түүж цуглуулан, үндсэн зохиол дээрээ тулгуурлаад  хийсэн. Та нартаа баярлалаа.

-Монголчууд энэ тэмцээнд орсоор таван жилийг ардаа орхижээ. Багагүй туршлага болов уу. Тэмцээний зохион байгуулагчид болон оролцогчид Монголыг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Түрүү жил мисс Төгсөө энэ тэмцээнд маш амжилттай оролцон богино даашинзны төрөлд хүрэл медаль авч байсан. Мөн финалын шилдэг наймд үлдэж байсан. Иймд намайг очиход бүх л хүмүүс Монголын талаар маш сайн мэдэж байсан. Гурван долоо хоногийн турш тэр туузны нэр хүндийг, туузан дээр бичигдсэн эх орныхоо нэрийг яаж авч явах вэ гэдэг л чухал байсан даа. 

-Мисс гэдэг ойлголт нэг хэсэг утга нь нилээд алдагдаж, хөөрхөн сайхан байхыг л төлөөлж байсан шиг. Та мисс хүн ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Мисс гэдгийг хүн болгон өөрөө өөрийнхөөрөө ойлгож, хүлээж авах болов уу. Харин миний хүсч байгаагаар хиймэл хумстай, нүүрээ будсан л хүнээр төсөөлж болохгүй. Үнэхээр нийгэмдээ хийж бүтээе гэсэн хүсэл зорилготой, мэдлэгтэй, боловсролтой, чадвартай хүмүүс гарч ирж байгаасай, бусдад хүргэх мессежтэй байгаасай гэж хүсдэг. Он оны миссүүд маань ч нийгэмдээ үлгэр жишээ, мундаг, манлайлагч эмэгтэйчүүд байна. Үнэхээр сүүлийн үед мисс гэдэг ойлголтыг тэд нар маань өөрчилж чадаж байгаа. Баян хүний л дэмжлэгтэй явдаг, хоосон толгойтой гэдэг ойлголт өөрчлөгдсөн. Энэ жил бид бүх ард түмнийхээ дэмжлэгтэйгээр явлаа. Миссийн тэмцээнд орсон хүн үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх ёстой юм гэдгийг ойлгосон. Тэмцээн дууссаны маргаашнаас л алга болоод, хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй болох биш харин одоо л жинхнээсээ бүх үүрэг хариуцлага эхэлж байна гэдгийг ойлгож байгаа. Тийм ч учраас бодох, төлөвлөх зүйл их байгаа учраас ирснийхээ маргаашнаас ажиллаж эхэлж байна. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Хөдөө өссөн үү?

-Би Улаанбаатарын хүүхэд. Миний үндсэн мэргэжил бол маркетингийн удирдлага. Би 2012 онд КТМС-г төгссөн. Ажил мэргэжлийн хувьд Гоёо компаниас ажлынхаа гарааг эхэлж байлаа. Харин хоёр жилийн өмнөөс жүжигчний мэргэжлээр ажиллаад, сураад явж байна. Үүндээ маш их баяртай байгаа. 

-Таны танилцуулгаас монгол ахуйгаа их сайн мэддэг  шиг харагдаж байсан?

-Би яг үнэндээ Монгол ахуйгаа ерөөсөө мэддэггүй байсан. Харин яг жилийн өмнө би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, хөдөө очиж нүүдэлчин маягаар хоёр сар амьдарч үзсэн. Жое, Ганаа гээд найзуудтайгаа хамт “Язгуур лугаа” нэртэй баримтат киногоо хийхээр Архангай аймгийг зорьж байлаа. Хотод төрсөн хотын охин хөдөө очоод, мал дээр гараад бүх зүйлийг эхнээс нь  яаж сурч, ямар бэрхшээл тулгарч, тэр нь тухайн хүний амьдралыг үзэх үзлийг хэрхэн өөрчилж байгаа тухай гардаг.  Яг ид мал төллөгөөний үеэр явж, мал маллаж, малчдын амьдралаар амьдарч, танилцсан минь энэ. Очихдоо  үнэндээ би юу ч мэдэхгүй очсон. Ихэвчлэн намайг гадаад дотоодоор явж байхад хүмүүс Монголын тухай их зүйлийг асуудаг. Тэдэнд би Улаанбаатарын тухай л ярих нь өрөөсгөл. Гэтэл би нүүдэлчин амьдрал, малчдын тухай зохиож ярих нь бас л утгагүй. Тийм учраас өөртөө их шүүмжлэлтэй хандаж, бүх зүйлээ ардаа орхиод  хоёр сарыг бага ч болтугай ахуйгаа мэдэж авахад зориулсан. Энэ киноны маань бичлэг дууссан, монтажны ажил ирэх онд хийгдэж үзэгчдэд хүрнэ.

- Та Улаанбаатар ирээд хоёр хоносон байна. Энэ хооронд хийх ёстой ажлуудаа эхлүүлсэн гэлээ. Та юу хийж байгаа болон юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцахгүй юу?

- Нэгэн он дуусна гэдэг хүн бүрийн хувьд баяртай, жаргалтай, гунигтай бүхнээ дүгнэж, цэгнэж дахин шинэ эхлэл ирж байгааг хэлдэг.  Тэгэхээр юуны өмнө надад санал өгсөн хүмүүстээ, та бүхэн юунд саналаа өгсөн, юуны төлөө саналаа өгсөн бэ гэдэг тайлан гаргаж өгөх гэж байна. Он дуусахаас өмнө богино хэмжээний видео тайлан гаргаж өгнө. Он гарсны дараа жүжигчний карьертаа ч тэр, миссийнхээ үүргийг ч биелүүлэнтөлөвлөсөн төслүүд дээрээ ажиллаж, My Club-тайгаа модоо үргэлжлүүлэн тарих болно.

-Тэмцээндээ оролцоход, энэ амжилтыг гаргахад танд хамгийн чухал зүйл юу байв аа?

- Олон зүйл бий. Бусдын дэмжлэггүйгээр би хурдан явж болох ч, хол явж чадахгүй. Байнгын бэлтгэл, хөдөлмөр, итгэл үнэмшил минь байсан. Хамгийн гол нь зүрхэндээ галтай байхад бүх зүйл болох юм шиг санагддаг. Олны хүч оломгүй далай гэдэг шиг энэ тэмцээнд амжилттай оролцоход бусдын хайр, тус дэм хамгийн чухал зүйл байлаа. Энэхүү аялалд минь нэг гэр бүл шиг дэмжиж байсан бүх Монголчууддаа, гэр бүл, найз нөхөддөө, тэмцээний ментор Стефен Диаз багшдаа, энэхүү боломжийг олгосон мисс Б.Гантогоо, PR ажлыг бүхэлд нь хариуцсан Promotion Craft компани, хувцсыг хариуцсан Говь ХК, Торго ХХК, Дизайнер Отгонжаргал, O Couture, Michel&Amazonka,Precious Fashion House, Ур Ундрах салон, DIVINE брэнд, МИАТ ХК, 120000 мод тарьсан My Club, үндэсний Бичиг соёл төв, Бүжиг дэглээч Цэцэгээ, UBS TV, Cosmopolitan, news.mn, Топ модель багш Г.Уранцэцэг, Орчлон сургууль, Австри дахь Монголын элчин сайдын яам, Монголын төлөөх зүрх бүхэнд ТББ, Дуучин Б.Сонгууль, Ace Studio, Zoljargal&Son films, Eco TV болон Марко Поло киноныхоо хамт олонд итгэж, хайрлаж, дэмжсэнд тань чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Танд амжилт хүсье. 
Б.ГЭРЭЛ