03.31

Емений ерөнхийлөгч Ираныг буруутгав

Йемений Ерөнхийлөгч Абд Раббух Мансур Хади нөхцөл байдал тогтворжтол Арабын аль нэг оронд байх болно гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Рияд Яссин мэдэгджээ. Үүний өмнө Йемений Ерөнхийлөгч Египетийн нийслэл Каир хотноо болсон Арабын улсуудын холбооны хуралд оролцсоныхоор дараа Саудын Арабын хаантай цуг Саудын нийслэл Эр Риядыг зорьсон байна. Арабын улсуудын холбооны хуралдаан дээр Йемений Ерөнхийлөгч Мансур Хади тус улс дахь шийт шашинтнуудын бослогын ард Ираны эрх баригчид байгаа хэмээн буруутгасан юм. Йемен дэх сөргөлдөөн Ерөнхийлөгч Мансур Хади болон шийт шашинтай сөрөг хүчний хооронд өрнөж байна. Мансур Хади өнгөрсөн долоо хоногт Арабын улсуудын холбооны гишүүдээс цэргийн тусламж хүссэний дараа Саудын Араб тэргүүтэй суннит шашинтнууд эрх барьдаг хаант улс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж Йемений сөрөг хүчнийхнийг бөмбөгдөж эхэлсэн аж.

 Йемен дэх нөхцөл байдал 2014 оны наймдугаар сард сөрөг хүчний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс эрс муудаж, шийт шашинтай Хутугийн босогчид нэр хүнд, дэмжлэг муутай Ерөнхийлөгч Мансур Хадигийн ордныг өнгөрсөн сард эзэлсэн юм. Мансур Хади хэдэн долоо хоногийн турш гэрийн хорионд байсныхаа дараа өнгөрсөн сард оргож, тус улсын томоохон боомт хот Аденд толгой хоргодож байжээ. Йемен дэх сөргөлдөөн нь АНУ-ын дэмжлэгтэйгээр тус бүс нутагт “Арабын хавар” нэртэй өрнөсөн үйл ажиллагааны улмаас овог аймаг хоорондын зөрчилдөөнийг хурцатгаж олон жилийн турш төр, засгийн нь тогтолцоог тогтвортой байлгаж ирсэн эрх мэдлийн хуваарилалтыг эвдсэнээс бий болсон гэж үздэг. Гэтэл энэхүү дотоод зөрчилдөөнд гаднаас шууд оролцсоноор сөргөлдөөн Иран болон Саудын Араб тэргүүтэй суннит шашинтнуудын хоорондох дайн болон өргөжих аюултайг зарим ажиглагч өгүүлдэг.

Йемен дэх шийтүүдийн эсрэг тэмцэлд Израил, Пакистан, Египет зэрэг бүс нутагтаа томоохон орнууд оролцоно гэдгээ илэрхийлсэн ч хуурай замын цэргээ тус улсын нутагт оруулах эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр орон Йеменд цэргээ оруулсан тохиолдолд Саудын Арабын хүн амын нэлээд хэсгийг эзэлдэг шийт шашинтнууд Ираны дэмжлэгтэй бослого гаргаж, бүс нутгийг хамарсан дайн өрнөх аюултай аж.