Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 336 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх ажлыг Аж үйлдвэрийн яамнаас шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэхүү санамж бичгийн үр дүнд Батлан хамгаалахын салбар хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авсан билээ. Тэгвэл өчигдөр боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа.
Өдөрлөгт “Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”, арьс ширний салбараас “Мон ланс” ХХК, “Хос Аз” ХХК, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод болон 20 орчим аж ахуй нэгж, байгууллага оролцож, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж санал, бодлоо солилцсон юм. Өдөрлөгт Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.
www.mminfo.mn