Б.Бямбасайхан: Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн топ 15 банк, таван санхүүгийн байгууллага Рио Тинтод олгож, уг гэрээний санхүүжилтийн баримт бичгийг өчигдөр албан ёсоор үзэглэсэн юм. Тэгвэл өнөөдөр уг баримт бичгийг Монгол Улсын Засгийн газартай байгуулах ёслол боллоо. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхантай цөөн хором ярилцлаа.
Энэхүү хөрөнгө оруулалтыг авахад Засгийн газраас баталгаа гаргаж өгч байгаа юу?
-Өнөөдөр бид Оюутолгой төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх их ажлын өмнө шаардлагатай байсан санхүүжилтийг өнөөдөр босгож чадлаа. Олон улсын банк санхүүгийн 20 байгууллагаас энэхүү зээлийг олгож байгаа. Энэ нь төслийн санхүүжилт хэмээн нэрлэгдэж буй 4.4 тэрбум долларыг дараагийн 5-6 жилийн хугацаанд Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулахаар зээлж авч байгаа. Энэ бол “Оюу толгой” компани зээлэн авч гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн Засгийн газрын баталгаа байхгүй. Харин Рио Тинто компани тодорхой баталгаа гаргаж өгсөнөөр энэ шийдвэрийг бид гаргаж чадлаа.
Эдийн засаг нэлээн хүндхэн үед их хэмжээний хөрөнгө оруулалт орж байна. Энэ нь монголчуудад болоод “Оюутолгой” компанид ямар ашигтай байх бол?
-Уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүний үнэ буурсан энэ хүндрэлтэй үед хэдийгээр бид том төслийн ажлыг эхлүүлэхээр санхүүжилтийг болгож авч байна. Энэ нь Монголын эдийн засагт өнөө цагт итгэл гэдэг зүйлийг сэргээж байгаа нэг том хэлбэр юм. Оюутолгой компани өөрөө Монголын бизнесүүдэд их ээлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, Монголын маш олон компани Оюутолгой компанитай гэрээтэй буюу туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Эдгээр ажил ч тасрахгүй дараагийн 5-6 жилд үргэлжилж явахаар боллоо. Өнөөдөр “Оюу толгой” компани зургаан мянган Монгол хүн ажиллаж байгаа. Энэ тоо явцын дунд нэмэгдэнэ. Өнөөдөр маш олон нарийн мэргэжийн хүмүүс бэлтгэгдэж байгаа. Гүнийн уурхайн нарийн блок кэйвинг гэдэг технологийг Монголчууд ашиглалтад оруулж байна.
Тиймээс ч Оюутолгой компани дэлхийд хамгийн өрсөлдөхүйц чадвартай зэс, алтны уурхай болох юм. Өнөөдөр төлийн санхүүжилтыг бид авсанаараа Оюутолгой компанийн зардлыг санхүүжилтийн өртөгийн багасгаж байгаа. Ийнхүү Оюутолгой компани зардалаа багасгаж чадсанаар ирээдүйд олох ашигаа нэмэгдүүлж байгаа юм. Ингэж чадсанаар 34 хувийг эзэмшдэг Монгол улсын иргэдийн зүгээс харвал Оюутолгой компани ашигтай ажиллах нөхцөлийг бид бүрдүүлж өгч байна. 2010 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирсэнээр манай эдийн засаг их хурдацтайгаар тэлсэн байгаа.
Маш олон компани үүнийг мэдэрсэн. Шинээр ажлын байрууд бий болсон. Тэгэхээр өнөөдөр бид өмнө нь болж байсан юмыг дахин давтах гэж байгаа юм. Хамгийн гол нь байгуулсан гэрээнийхээ үндсэн дээр дахин шинэ хөрөнгө оруулалтыг таитан оруулж ирж байна. Ингэснээр манай улсын эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байгаа. Багадаа нэг жилд тэрбум орчим долларыг шинэ бүтээн байгуулалтын явцад зарцуулна. Түүнчлэн Оюутолгой компани мэдээж өөрийнхөө үйл ажиллагааны орлогоос Монголын эдийн зэсэгт оруулна. Тиймээс ч өнөөгийн эдийн засагт маш сайн нөлөөтэй гэж үзэж байгаа.
Энэ удаад зэсийн үнийг хэрхэн тооцсон бол?
-Зэсийн үнэ сүүлийн жилүүдтэй харьцуулахад уналттай байгаа. Гэхдээ зэсийн үнийг маш бага байхад хүртэл Оюутолгой компанийг хэрхэн ашигтай ажиллах уу гэдэг талаас нь бизнесээ удирдаж явна. Тиймээс ч өнөөдөр санхүүжилтийн өртөгийг бууруулах шаардлагатай байсан. Яагаад гэвэл олон улсын зах зээл дээр Оюутолгой компани өрсөлдөж байгаа учир өөрийн зардал тал дээр сайн ажиллахгүй бол зэс гэдэг бараа бүтээгдэхүүн чинь зах зээлийн үнэтэй байдаг. Тэгэхээр зардлыг хэрхэн багасгах вэ гэхээр нэг арга нь зээл босгож, өөрийнхөө санхүүжилтийн өртөгөө багасгаж арга. Ингэснээр “Оюу толгой” компанийн мөнгөний урсгал сайжрах юм.
Хамгийн эхний санхүүжилт хэзээнээс орж ирэх вэ?
-Өнгөрсөн тавдугаар сард байгуулсан Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу бүх ажил явагдана. Өөрөөр хэлбэл, дулааны улиралд буюу барилгын улирал эхлэхэд эхний том ажлууд эхлэх боломжтой болно. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сараас гүнийн урхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа. Шинэ хүмүүс ажилд орж байна. Түүнчлэн өмнө нь халагдсан байсан хүмүүс ч ажилдаа орж буй. Тэгэхээр ажил бол одоо ч явж байгаа. Өнөөдөр бид Оюутолгой компани дээрээ ирээдүйн төсвөө маш сайн хянаж, зардлын хэтрэлт гэдэг зүйлийг гаргахгүй байх талаас нь сайн ажиллаж байна.
Гүнийн уурхайд ажилтнуудаа буцаан авч байгаа гэлээ. Яг хэчнээн ажилтан буцааж аваад байгаа вэ?
-Өнгөрсөн наймдугаар сараас хойш 100 гаруй хүнийг эргүүлэн авсан гэсэн тооцоо байгаа. Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ. Ер нь хоёр жилийн дараа 1000 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоо байгаа. Улмаар гүнийн уурхайн бүтээн байгуулалтын ид үед 3000 гаруй шинэ ажлын байр бий болно.
Зээлийг олон банкнаас авч байгаа. Тэгэхээр хүү нь харилцан адилгүй байгаа байх?
-Олон банкнаас авч байгаа зээл. Нийтдээ санхүүжилтийн өртгийг тооцвол өнөөдрийн байгаа хэмжээнээсээ хагас хувиар буюу түүнээс ч илүү хувиар буулгах боломжтой болж байгаа. Зээлийн хугацаа нь маш чухал. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн зах зээл дээр 12-15 жилийн хугацаатай зээл олгоно гэдэг бол том амжилт. Энэ байдлыг яагаад боломжтой болгож байгаа гэхээр Хөгжлийн банкуудтай буюу Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, экспортын хөгжлийн агентлагууд, Америкийн, Канадын, Австралийн Засгийн газрын агентлагууд нийлж байж арилжааны банкуудаас авсан зээлийн хүүг бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компани маш сайн нөхцөлтэйгөөр зээл авч байгаа юм.
Рио Тинто компани баталгаа гаргаж өгсөн гэсэн. Тэгэхээр зээл авахдаа ямар нэгэн байдлаар барьцаанд тавьсан зүйл байгаа юу?
-Мэдээж хэрэг Оюутолгой компани өөрийн мөнгөн урсгалыг барьцаалж байгаа. Зээл авахад ямар нөхцөлүүд тавигддаг тэр нөхцөл тавигдаж байгаа. Харин Рио Тинто компани бол хэрвээ ирээдүйд зардал хэтэрвэл зардлыг Рио Тинто компани өөрөөсөө гаргаж, нөхөж төлнө гэсэн баталгаа гаргаж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Отгон